Энэ оны тавдугаар сараас хойш Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужид аадар борооноос үүдэлтэй үер болон хөрсний гулгалтын улмаас 324 хүн амиа алджээ.

Энэтхэгийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний хүчний цэргүүд болон албан хаагчид тус мужид байрлан ажиллаж байгаа хэдий ч тус улсын Зэвсэгт хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчин тусламжийн цэргүүдийг нэмж илгээжээ.

Одоогийн байдлаар Зэвсэгт хүчний 16 баг, Тэнгисийн цэргийн 28 баг, Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний хүчний 39 баг Керала мужид явуулж буй тусламж болон аврах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар 4000 гаруй хүнийг авраад байна гэж Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд мэдэгдэв.

Урьд өмнө нь тохиож байгаагүй энэхүү аймшигт үерийн улмаас 324 хүн амиа алдсанаас гадна 200 мянга гаруй хүн орон гэргүй болж, 10 мянга гаруй км зам, хэдэн зуун байшин барилга сүйджээ.

Энэтхэг улсад борооны улирлын үеэр жил бүр олон зуун хүн амиа алдаж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг