Тайван жагсаал Төв талбайд үргэлжилж буй. Яг одоо төрийн ордон цагдаа нарын хамгаалалтад байгаа бөгөөд жагсагчид талбайд мөн төрийн ордон тойрч эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ийнхүү хэллээ.

"Бид дөнгөж сая УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонтой холбогдлоо. УИХ-ын дарга М.Энхболд жагсаалыг зохион байгуулсан дөрвөн гишүүнтэй уулзъя гэсэн хүсэлт тавилаа. Харин бид ард иргэдийнхээ төлөөлөлтэй хамт орж уулзана гэдгээ илэрхийлэхэд зөвшөөрлөө. Бид ард иргэдийн төлөөлөл болох дөрвөн хүнтэй хамт ороод огцрох өргөдлийг нь бариад гараад ирье" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

МАНАН тогтолцооны хамгийн том авлигач М.Энхболдыг огцруулахын төлөө цуглаад байна. Бид хууль бус үйлдлийг нүд цавчилгүй хардаг хүчтэй иргэний нийгмийг бүрдүүлжээ.Цаашид энэ хүнийг огцруулаад зогсохгүй, баялагтаа эзэн байхын төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно