Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүдийн 88.1 хувь нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг дэмжлээ.

Санал хураахад УИХ-ын гишүүдийн 59 буюу 88,1 хувь нь түүнийг дэмжиж 7 буюу 11.9 хувь нь татгалзсан байна.

Татгалзсан гишүүд:

Н.Учрал

С.Эрдэнэ

Д.Эрдэнэбат

Б.Пүрэвдорж

А.Ундраа

О.Баасанхүү

З.Нарантуяа

Л.Оюун-Эрдэнэ нь 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгсөж, 2011 онд Монгол Улсын боловсролын  их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд суралцаж, боловсрол судлалын магистрын зэрэг, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуульд Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.

Тэрбээр 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.