УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Монгол-Туркийн хамтарсан "Улаанбаатар Эмпати" сургуулийн захирал Вейсэл Акчайтай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.

Асуулга тавьж буй тус албан бичигт

1. Иргэд, олон нийтийн дунд Монгол, Туркийн Засгийн газрын хооронд нууц тохироо хийсэн гэсэн хардлага байна. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдсан, хувь хүний халдашгүй дархан байх эрх зөрчигдсөн эсэх талаар;

2. Монгол Улс нь Олон улсын хэм хэмжээг дээдлэн сахидаг эрх зүйт төртэй ардчилсан орон билээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж гаднын улс орны тусгай албадтай гэрээ хэлэлцээр хийх эрх Монгол Улсын Засгийн газарт байхгүй болно. Иймд Олон улсын гэрээ конвенци, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, энэ ажиллагаанд оролцсон байгууллага, албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон талаар асууж, хариулт ирүүлэхийг хүсчээ. 

Тус асуулгын хариуг хуулийн дагуух хугацаанд албан бичгээр ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүссэн байна.


УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Ерөнхий сайдад хүргүүлсэн Асуулга тавих тухай албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.