УИХ-ын 2019 оны хаврын чуулган өнөөдөр гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүдийн ирц, саналыг хурууны хээгээр нь бүртгэдэг болж буй юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ,

"-Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой.

-Учир утгагүй улстөржилт, талцал хуваагдлыг өнөөдрөөс эхлэн эцэс болгоё.

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох, цөөн хүний үзэмжээр асуудлыг шийдэх зорилго огт агуулаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.

-Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний ёсноос гадуур доромжлон харилцаж, шийтгэх асуудлыг үндсээр нь устгахын төлөө Монгол Улсын Их Хурал хатуу тэмцэх болно.

-Бид Монгол Улсынхаа төлөө, монгол түмнийхээ тусын тулд гэсэн нэгдмэл нэг л зорилготой.

-Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын цар хүрээ өргөн, хуулиар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой олон асуудал байгаа тул Улсын Их Хурал ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллах болно" гэдгийг онцолсон юм.

Харин Ардчилсан намын гишүүд чуулганы танхимд "ЖДҮ-ийн хулгайгаа шалга", "Долоон концессоо шалга", "60 тэрбумаа шалга", "Эрдэнэтийн 49 хувийг яаралтай шийд" "Ц.Нямдорж сайд С.Зоригийн хэргийн захиалагчийг зарла" зэрэг үг бүхий лоозон барин суужээ.

УИХ-ын хаврын чуулганы нээлтээс гэрэл зургаар онцолж байна.