УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хэд хэдэн асуудлаар нэн ялангуяа Засгийн газрыг огцруулах эсэх талаар хэлэлцэх байсан ч хуралдаагүй. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд Ёс зүйн дэд хороо чуулганы хуралдааны өмнө хуралдана гэсэн учир завсарлага өгч байна хэмээн чуулганы хуралдааныг орхин гарсан юм.

Гэвч Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаагүй бөгөөд УИХ-ын 50 гишүүн УИХ-ын даргыг чуулганы танхимд орж ирэхийг хүлээсээр ажлын цаг дууссан юм.

Үүнтэй холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өчигдөр орой мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 18 минутад эхэлсэн. УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон гишүүдтэй холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хороог хуралдуулах шаардлагаүүсээд байгаа тул Ёс зүйн дэд хороог хуралдталчуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахыг хүссэн юм.  

УИХ-ын дарга уг хүсэлтийг хүлээн авч, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан билээ. Гэвч Ёс зүйн дэд хорооны ирц хүрэхгүйн улмаас уг хороо хуралдаж чадахгүй байна. Үүнээс үүдэн Чуулганы хуралдаан хойшилж байна. Гэтэл зарим хэвлэл мэдээлэл болон гишүүд УИХ-ын үйл ажиллагаа саатлаа, УИХ-ын дарга алга боллоо хэмээн буруу ташаа мушгин мэдээлж байна. УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн тасалдсан зүйл байхгүй, Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа нэгдсэн чуулган эхэлнэ” гэж мэдэгдлээ.