Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон тус  салбарынхантай уулзаж, барилга, хот байгуулалтын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцлаа. Ерөнхий сайд ипотекийн журамд оруулах өөрчлөлтийн шинэ хувилбарыг Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам хамтран боловсруулж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг даалгав. 

Мөн эхний ээлжинд “ТОСК” ТӨҮГ-ын захиалгаар бариулж буй дуусаагүй, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 1562 айлын орон сууцыг санхүүжүүлэхэд шаардагдах 56.8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэн 2018 онд ашиглалтад өгөхийг чиглэл болголоо. 

БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногооннуурын орчмын бүсэд Түр суурьшуулах 1008 айлын орон сууц барих ажлыг түргэвчлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “бичил дэд төв” буюу “Сервис центр” байгуулах болон аймгууд дахь цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа.