Монгол Улсын Засгийн газар коронавирусийн хөл хорионы үед эдийн засгийг дэмжих чиглэлээр хуралдсан.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Миний бие улс орны нөхцөл байдлын алаар ард иргэдэдээ мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар 201 улсад коронавирусийн халдвар тархаж 530 мянган хүн өвчилж, 23970 хүн амь насаа алдаад байна. Манай улсын хувьд 11 тохиолдол бүртгэгдсэн ч эдгээр иргэдийн эрүүл мэндийн байдал сайн байна. Дэлхий дээр хэдхэн улсад энэ халдвар тархаагүй байгаагийн нэг нь Монгол Улс. Бурханы авралаар, албан хаагчдын хүчээр энэ аюулаас хол байна. Цагийн байдал хүндрээгүй ч гэсэн өндөр сэрэмжтэй байх учиртай.

Өгсөн үүрэг даалгаврыг ААН, төрийн байгууллагууд сайн гүйцэтгэж байна. Улсын онцгой комисс 19 удаа хуралдсан. Үр дүнд нь амгалан тайван байна.

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн салбарт 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. 

Улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой учраас иргэн бүхэн хариуцлагатай байхыг хүсье.

Бид 3,2 сая хүн амтай, цөөхүүлээ ард түмэн. Иймээс ард иргэдийн ухамсар, хандлага энэхүү өвчнийг оруулж ирэхгүй байгаа гэж бодож байна. Тиймээс иргэдэдээ талархал илэрхийлье.

Ард иргэдийн эрүү мэндийг хамгаалах чиглэлээр 200 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна. Энэ бол багагүй мөнгө.

Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахаар боллоо.

1. 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд бүх ААН-ийн НДШ-ийг бүрэн чөлөөлж, тэглэх арга хэмжээ авахаар боллоо.

2. 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд 1,5 тэрбум төгрөгөөс доош ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлж байна.

4. Шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлыг байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн ААН-үүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн урамшуулал олгоно.

5. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авах ААН-үүдэд 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэлээ. Зээлйн зөрүүг ЗГ хариуцна. Энэ бол малчдын амьжиргаатай шууд холбоотой асуудал.

6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа түр зогссонтой холбоотойгоор 18 нас хүртэлх бүх хүүхдэд хүүхдийн мөнгөн дээр нь 10 мянган төгрөг нэмж олгохоор боллоо. 

7. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурсан. Иймээс шатахууны үнийг яаралтай хямдруулж арга хэмжээ авна. Энэ бол иргэдийн ахуйд дэмжлэг болно.