МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй, цаашид хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тус хуралдааны дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгөх тухай тогтоол гаргажээ.

Уг тогтоолд:

"МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц нефть боловсруулах үйлдвэр, төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, 10 аймгийн цахилгаан станц, Тавантолгойн төсөл зэрэг үр дүнтэй амжилттай зохион байгуулж байгаа том төслүүдийг үргэлжлүүлэх, мөн 2020 оны УИХ, орон нутгийн ээлжит сонгуулийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газрыг тогтвортой ажиллуулсугай.

Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй намаас сонгогдож томилогдсон намын гишүүдэд МАН-ын дүрмийн дагуу улс төрийн хариуцлага хүлээлгэн ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт даалгасугай" гэжээ.