Монголын түүхэнд тохиосон хамгийн аймшигт цаг үе бол хэлмэгдүүлэлтийн хар он жилүүд билээ. Албан ёсны баримтаар гучин мянган гэм зэмгүй лам, хар, язгууртан, сэхээтнүүдээ буудан хороосон "Улаан засаг" цаана нь мөн төдий тооны ард иргэдээ хэрцгийлэн тамлаж шорон гянданд тарчлаасан аж. 

До яамны чулуун зүрхтнүүд эмэгтэйчүүдийг цаазлан хороосны дотор УБХ-ын анхны эмэгтэй гишүүн Д.Дунгаржид, Өрлөг жанжин Дэмидийн гэргий Б.Навчаа, Богд хааны сүүлчийн хатан Г.Гэнэнпил зэрэг бие давхар бүсгүйчүүдийг хороосон нь жигшүүрт гэмт хэрэг юм.

Бүр 14 настай Ламаадан хэмээх мэргэн хүүг буудсан гэж байгаа. Үндэстнээ хомроглон устгасан энэ УЛААН ТЕРРОР нь Монголын хүн амын тоотой харьцуулахад Камбожийн улаан Кхмерүүдийн геноцид хядлагатай л жишиж болох гамшиг аж. Пол Пот хэмээх яргачин 8 сая иргэдийнхээ 1саяыг устгасан нь хүний түүхэнд тохиосон хядлагын дээд амжилт юм. "Цэгээн чулуу хагарч-Цээлийн ус цалгисан" тэр цөвүүн цагт хүний нүднээс далд ямархан гамшиг зовлон тохиосныг хэн ч хэлж мэдэхгүй ч  цагийн салхи хүүрнэж, хөх тэнгэр гэрчлэх буй за.

Буяны мөр хөөсөн хорхойд хоргүй хандмаа нар, язгууртан дээдсийн охид бүсгүйчүүдийг далд нууц газар хорьж, үс зүс сайтайг нь  шилж сонгон хил давуулж Орос цэргийн дарга нарын секс боол болгодог байсан тухай аман яриа бий боловч цагийн буданд бүдгэгсээр авай. Чухамхүү энэ нууцын нууц сэдвийн сэжүүрийг сөхөж зовлонт бүсгүйчүүдийн зүрх шимшрүүлсэн гунигт тавиланг уран зохиолын хэлээр өгүүлж, түүхийн "улаан толбо"-ыг хойч үедээ сануулсан бүтээл бол  зохиолч Ш.Солонгын "Улаан судар" хэмээх түүхэн эмгэнэлт тууж юм. 

Мажиг дагины хийдийн хандмаа нар цөөвөр чоно мэт Орос цэргийн даргын хараанд өртөн баривчлагдаж нууц хорих газар ирсэн нь Оросын армийн хэрэгцээнд ачигдах зовлон нэгт бүсгүйчүүдийн хуаран байжээ. Хулмас шивэр, архи тамхи ханхлуулсан эрээ цээргүй Орос цэргүүдийн гудас дэвсгэр болж хуял тачаалыг нь хангана гэдэг бурхны өмнө тангарагтай сахил хүртсэн хандмаа нарын хувьд гутамшигт доромжлол тул амиа тэвчихийг илүүд үзнэ. Хуаранд бослого тэмцэл хэрхэн өрнөж, тэдний хувь заяа хаашаа эргэхийг зохиолоос уншиж мэднэ биз. Зохиогч 2-р биеэс хүүрнэж байгаа боловч хааяа би, бид, намайг гэх мэтээр 1-р бие рүү шилжиж байгаа  сайн хянаж нягтлаагүй алдаа мадаг мэр сэр байна. Төөрөлдсөн эгч дүү хоёр нэг жил нэг хийдэд хамт байсан мөртлөө хуаранд ирээд бие биесээ мэдэх нь арай л үнэмшил муутай. Хийдийн чойжин хандмаа цөвүүн цагаас буруулж модонд хувилсан нь ид шидтэй хувилгааны хувьд шавь нараа өмгөөлж чадахгүй мухардаж байгаа нэг л ойлгомжгүй санагдлаа.

Монгол цэргийн даргын хайрыг татаж амь мултран оргосон хөөрхөн Бишүүгарам бүсгүй Хүрээ орж Сүх жанжны гэргийд мэдээ дуулгаж байгаа нь  хуучны кино сценийг санагдуулна. Түүхэн баримт үлдээгүй нууц хядлага юм бол нууцаараа л үлдэх ёстой баймаар.  Сүсэг бишрэл, итгэл үнэмшил юунаас ч илүү хүчтэйг нууц тарнийн шүтээн "Улаан судар"-ыг тойрсон адал явдлууд гэрчлэнэ.