Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 2 -нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн албан бичигтээ Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож саналаа тусгайлан гаргана гэдгээ илэрхийлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулах саналаа УИХ-д хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн  УИХ-д хүргүүлээд буй санал гэвэл:

1. Одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгож нэмэгдүүлэх

2. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох

3. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгож байх.

4. Нам байгуулах доод босгыг нэмэгдүүлж  10 мянган хүн болгох, үүнийг Үндсэн хуульд тусгахаар Ерөнхийлөгч санал хүргүүлсэн байна. Сануулахад одоо улс төрийн нам байгуулах босго 800 хүн байгаа билээ.

5. Түүнчлэн   улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг Ерөнхийлөгч гаргажээ.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт зэрэг сэдвээр тус бүрд нь тодорхой саналуудыг хүргүүлжээ.