УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.29) хуралдаан 11 цаг 03 минутад, гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 150 гаруй саналын томьёолол гаргажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудыг бүлэг, бүлгээр нь хэлэлцэж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжсэн.

Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэж хэсэг нэмэх заалтыг оруулсан бол  Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.”гэж өөрчлөн найруулахаар,  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасах саналыг тус тус  гаргасан байлаа. 

Гишүүдийн зүгээс төсөлд, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хөрөнгө орлогын эх сурвалж, зарцуулалт зэрэг суурь зарчмыг тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлийн хатуу босго тогтоох шаардлагагүй. 330 сум,1660 баг,160 хороодод намын нэгж байгуулах, түүнд ажиллах хүмүүсийн цалин хөлс гээд багагүй санхүүжилт шаардагдахаас гадна, цаашлаад иргэдийг улстөржүүлж, ард түмнийг хагаралдуулах байдлыг дэвэргэх, жижиг намуудын үйл ажиллагааг хязгаарласан болон шинэ нам байгуулах боломжийг хаасан асуудал үүсэх  вий хэмээн олон талт байр суурийг илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Өнөөдөр монголын нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж буурсан. Нөгөө талаас  улс төрийн намуудын хариуцлагагүй үйлдэл, иргэдээ хагаралдуулж,  улстөрчдийн ёс зүйгүй, хууль зөрчсөн байдал, төрийн доройтолд хүргэснийг бид нүдээр харж байгааг онцлов. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө улс төрийн намыг төлөвшүүлэх,  үйл ажиллагааг нээлттэй, санхүүжилтийг нь ил тод болгож, хариуцлагажуулах үүднээс улсын хэмжээнд бодлогоо тодорхойлж, үйл ажиллагаа явуулах зэрэг тодорхой шалгуур, шаардлага тавих шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Улс төрийн намыг цэвэршүүлье, зарчимтай болгоё гэж бодож байгаа бол улс төрийн намын төлөвшлийг Үндсэн хуулийн зарчимд зайлшгүй суулгах шаардлагатай. Гишүүд үндэсний хэмжээний намыг төлөвшүүлэх асуудлыг шүүмжилж  байна.  Хэрэв үзэл баримтлалгүй, улс орны хөгжлийн алс хэтийн төлөвийг тодорхойлж чадахгүй, үзэл баримтлал нь нийт иргэдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй тийм улс төрийн намууд байгаад л байвал  өнөөдрийн улс төрийн намуудын зовлон дуусахгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны ч хэрэг гарахгүй” хэмээн мэдэгдэж байлаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  “Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь УИХ-ын 62 гишүнээс өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч байгаа. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд ч "улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэдэг нь хэвээр байгаа. Гэнэт өөр хүний саналаар өөрчлөгдсөн мэт мушгиж, тайлбарлах шаардлагагүй.  Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг гишүүдийн хэлээд байгаа шиг 330 суманд намын нэгж байгуулах, бүтэц, зохион байгуулалтыг чиглэсэн агуулга байхгүй. Харин улс төрийн намууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бодлого, хөтөлбөртэй байх агуулга л байгаа” гэдгийг гишүүдэд тайлбарлан, анхааруулж байлаа.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хураалтыг цахимаар явуулахыг дэмжиж байгаа ч техникийн саатал гарахыг үгүйсгэхгүй. Иймд техникийн гацалтаас болж гишүүний санал ороогүй, эсрэг гарсан тохиолдолд үүнийгээ протоколд тэмдэглүүлж, дэмжсэн, дэмжээгүй аль нэг саналд тоог нь нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.1 хувь нь дэмжив. 

Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэсэн хэсэг нэмэх төслийн заалтын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх дэмжсэнгүй. Ингэснээр үдийн завсарлага болсон тул  хуралдаан түр өндөрлөж, үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.