Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар тус комиссын гишүүн, Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар 7 асуудал хэлэлцлээ. Тодруулбал, 

1. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөө шат, шатандаа хэрхэн хэрэгжиж байгаа талаарх мэдээллийн сонссон. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр 18.00 цагт нийслэл, орон нутгийн Засаг дарга, шат шатны онцгой комиссын дарга нартай хуралдаж, үүрэг даалгавар өгөхөөр боллоо.

2. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар хоёр иргэний шинжилгээний хариу эераг гарсан. Эцсийн хариуг тогтоохоор PCR-аар нарийвчилсан шинжилгээ хийж байна. Хариуг нь 17:00 цагт мэдээлнэ. Шинжилгээний хариу сөрөг гарах магадлалыг Эрүүл мэндийн сайд хэлсэн. Учир нь Дархан-Уул аймагт 4500 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 7 хүний хариу эерэг гарсан. Улмаар PCR, сорьцийн шинжилгээ авахад хариу нь давтан сөрөг гарч, халдваргүй нь нотлогдсон. 

3. "Орон нутгаас Улаанбаатарт ирээд гацсан иргэдийг энэ сарын 18-нд зохион байгуулалттайгаар буцаана" гэсэн нь ташаа мэдээлэл. Одоогоор ийм шийдвэр гараагүй. Дахин хэлэхэд, нэгдүгээр болон дам хавьтлын бүх хүний шинжилгээг хийж дуустал ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй. 21 аймаг орох, гарах хөдөлгөөнөө хаасан. Нийслэлээс иргэдийг гаргахгүй.

4. Бүрэн бус мэдээллийг түгээхгүй байх албан бичгийг УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүдэд хүргүүлж, шат шатанд нь анхаарууллаа.

5. Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс Энх саран сувилалд гарч байгаа асуудалтай холбоотойгоор хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар хууль хяналтын байгууллагуудад өгсөн ажлын явцыг ярилцсан. 

6. Нөөцийн махыг хавар борлуулдаг. Цар тахалтай холбоотойгоор өвлийн улирлаас өмнө нөөцийн махыг худалдаалж байна. Үүнтэй холбоотой асуудлууд гарч байна. Нөөцийн махыг 15 цэгээр борлуулж эхлээд буй. Одоо хүнсний дэлгүүрүүдээд борлуулах ажлыг эхлүүлж байна. Мөн цэгүүдийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн.

7. Хуурамч, албаны бус, баталгаагүй мэдээ, мэдээллийг зарим хэвлэлийнхэн удаа дараа гаргах, хүний хувийн орон зайтай мэдээллийг олон нийтэд нийгмийн сүлжээгээр түгээх асуудалд хатуу шаардлага тавих үүргийг хууль хяналтын байгууллагад өглөө. Цар тахал, гамшгийн үед нийгмийг айдаст автуулсан, бусдын нэр төрд халдсан буруу, ташаа мэдээллийг нягтлалгүйгээр мэдээлэх нь цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд саад учруулж байгааг хаана хаанаа ойлгох цаг болсон" хэмээлээ.