Энэ сарын 16-наас эхлэн  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлага хангасан АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн 50,000 хүн тун, БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 45,000 хүн/тун вакцинаар томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна. 

Эхний ээлжинд нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төв, аймаг орон нутагт өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүйгээр дархлаажуулж байна. Агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ. Мөн ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 дугаар өрөөнд ажлын өдрийн 8.30-17.00 цагийн хооронд 6 сартай хүүхдээс дээш бүх насныхан сайн дурын дархлаажуулалтад 10.000 төгрөгийн төлбөртэйгээр хамрагдаж болно.

Цаашдаа 125 мянган хүн тун вакцин хүлээж авахаар төлөвлөж байна. Гэхдээ томуугийн вакцины эрэлт хэрэгцээ ихтэй үйлдвэрлэл бага учраас нилээд цуварч ирж байна. Тиймээс дархлаажуулалт 10 хоног биш сар гаруй үргэлжлэх төлөвтэй байгаа.

Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тав хүртлэх насны 370,000 хүүхэд, 73,000 хөхүүл эхчүүдийн биеийн дархлааг дэмжих А аминдэмийг олгоод байна. 

Дархлаажуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн 455-388 дугаар утсаар авах боломжтой.

Эрүүл мэндийн яам