МОСКВА. /TASS/. Амьсгалах үед ялгарч буй органик нэгдлүүдээр тухайн хүн уушгины хорт хавдар туссан эсэхийг эрт үед нь оношлох шинэ аргыг Оросын эрдэмтэд боловсруулж байна.

Масс-спектрометрийн аргад үндэслэн зохион бүтээж буй багажийг ашигласнаар өвчтөнд хүндрэл учруулахгүй ба өндөр үнэтэй шинжилгээ хийхгүйгээр уушгины хорт хавдрыг 1 ба 2 дугаар үед нь илрүүлэх боломжтой болох ажээ. Энэ тухай Санкт-Петербургийн улсын их сургуулийн Химийн хүрээлэнгийн ажилтан, доктор Александр Ганеев ярилаа. 

“Хүн амьсгалах үед биенээс нь төрөл бүрийн органик нэгдлүүд их хэмжээгээр ялгарч байдаг. Өвчтэй хүний хувьд тодорхой нэгдлүүдийн харьцаа өөрчлөгдөнө. Оксилол, гептан, этилбензол зэрэг нэгдлүүд нь уушгины хавдрыг мэдэрдэг маркерууд болдог. Эдгээр нэгдлийн агууламжийг тодорхойлсноор хавдрын эхэн үед өвчтэй хүнийг эрүүл хүнээс ялгах боломжтой” гэж Ганеев тайлбарлалаа. 

Энэ зарчмын үндсэн дээр Санкт-Петербургийн эрдэмтэд өвөрмөц багаж зохион бүтээж байгаа юм. Өвчтөн тусгай уутыг дүүртэл үлээх бөгөөд дээжийг хадгалахын тулд органик нэгдлүүдийг тогтоон барьдаг бичил сорбентуудыг ашиглах аж. Шинжилгээний дүн ердөө 10 минутын дараа гарах бөгөөд маркер нэгдлүүдийн агууламжийг хэмжсэнээр тухайн өвчтөн уушгины хавдрын 1 эсвэл 2 дүгээр үед байгааг тодорхойлох юм. 


Уушгины хорт хавдар бол хавдрын өвчлөлийн хамгийн хүнд хэлбэрүүдийн нэг билээ. Хавдрыг оношилсноос хойш нэг жилийн дотор өвчтөнүүдийн 50 гаруй хувь нас бардаг байна. Нас баралт ийм өндөр байгаа нь уг өвчнийг 3, 4 дүгээр үедээ орсон үед нь оношилж байгаатай холбоотой юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг