Коронавирусийн тархалтын нөхцөл байдал, вакцинжуулалт, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний талаар УОК, ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Манай улс энэ сарын 22-нд эхний ээлжийн вакциныг авчирч, 23-наас зорилтот бүлгийн иргэддээ хийж эхэлнэ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүсийг эдгэрснээс нь хойш 90 хоногийн дараа вакцинаар дархлаажуулах боломжтой. Энэ хүртэлх хугацаанд вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. Дэлхий дээр хийгдэж буй вакцинуудыг 18-аас дээш насныханд туршсан учир 18-аас дээш насныханд хийх зөвлөмжтэй байгаа. Гэхдээ 16-аас доош насныханд хийх туршилт, судалгааг хийж эхэлсэн байна.

Иргэдийг коронавирусийн эсрэг вакцины 2 тунгаар дархлаажуулна. Тиймээс иргэд эхний тунгаа тариулсан бол хоёр дахь тунгаа заавал цаг хугацаанд нь буюу 21 хоногийн дараа хийлгэх хэрэгтэй. 

Эхний ээлжийн вакциныг хийхэд хангалттай хүрэлцэх тусгай тариур нөөцөд байгаа. Цаашид хийх тариураа захиалсан. Вакциныг хийх тариур болон аюулгүй хайрцгийг Монгол Улсын Засгийн газраас хангаж ажилладаг. Тиймээс тариурын хувьд асуудал гарахгүй.

Вакцинд харшлах эсрэг заалт гэж бий. Халдварт өвчнөөр өвдсөн үедээ болон халуунтай байгаа үедээ хийлгэхгүй гэсэн ерөнхий шинж тэмдэг байдаг. Мөн тухайн вакцины заавар дээр тусгагдсан эсрэг заалт бүхий хүмүүсийг тус вакцинд хамруулдаггүй. 

Тиймээс вакцин хийлгэх гэж буй хүн эсрэг заалттай эсэхийг нь томилогдсон эмч вакцинд хамрагдахаас нь өмнө үзнэ. Энэ үед иргэн өөрийн эмгэг, өвчний ямар шалтгаан байгаа зэргээ үнэн зөв хэлэх шаардлагатай. Ингэснээр тухай иргэн уг вакциныг хийлгэх эсэхийг эмч, иргэн хоёр хамтран шийддэг. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэхийн өмнө заавал эмчийн үзлэгт хамрагдана" гэсэн мэдээллийг өглөө.

Коронавирусийн эсрэг вакциныг улс иргэддээ үнэ төлбөргүй хийнэ. Хувийн хэвшлүүд хийвэл зах зээлийн горимоор шийдэгдэх аж.

Дашрамд дурдахад, дотоодын ААН-үүд болон төрийн байгууллагууд зөвхөн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүнд үйлчилнэ гэсэн журмыг Загийн газар, УОК огт хэлэлцээгүй, тийм шийдвэр гараагүй. Харин олон улсын мэдээллээс харахад авиа компаниуд иргэдэд үйлчлэхдээ, зарим улс хилээр нэвтрүүлэхдээ "вакцин хийлгэсэн" гэсэн гэрчилгээнд нь үндэслэнэ гэдгээ мэдээлж байгаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг хэллээ.