ТОКИО. /Kyodo/. Японыг дайран өнгөрсөн асар хүчтэй “Хагибис” хар салхины уршгийг арилгахад 2019 оны төсвөөс 710 сая орчим иенийг /6.5 сая ам.доллар/ зориулна гэж тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшигт нэрвэгдсэн төв, зүүн, зүүн хойд нутаг дахь түр хоргодох газруудыг ундны ус, хоол хүнс, ор зэрэг шаардлагатай нөөцөөр хангах, зөөврийн бие засах газрууд байгуулах зэрэг ажилд уг санхүүжилтийг зарцуулах аж. 

Лхагва гарагт Японы аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг гурав дахь өдрөө дараалан явуулжээ. “Хагибис” хар салхины улмаас 73 хүн амиа алдаж, 10 гаруй хүн сураггүй болжээ. 2011 онд хүчтэй газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн зүүн хойд нутаг хамгийн их хохирол амссан бөгөөд Фүкүшима мужид хамгийн олон буюу 26 хүн амиа алдсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг