Япон Улсын Засгийн газар шинэ коронавирусийн халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Онц байдал зарлах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сарын 10-ны өдөр Парламентдаа өргөн барьж, 13-ны өдөр соёрхон батлуулахаар ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газрын коронавирусийн асуудлаарх Ажлын хэсгийн 3 дугаар 5-ны өдрийн хуралдаанаар:

- Хил гаалийн хяналтыг бэхжүүлэх чиглэлд БНХАУ, БНСУ-аас Япон Улсад зорчих иргэд зөвхөн Нарита болон Кансай олон улсын нисэх онгоцны буудлаар хүлээн авах, 

- Японы хилээр нэвтэрсний дараа хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд байлгах, 

- Японд олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байхыг уриалах зэрэг арга хэмжээ авч ажиллахаар тогтжээ. 

Эдгээр арга хэмжээг энэ сарын 9-ний өдрөөс сарын сүүл хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх аж. Мөн өнөөдрөөс эхлэн БНСУ болон Ираны зарим мужаас Японд зорчих иргэдэд хилийн хориг тогтоож буй аж.


Эх сурвалж: ГХЯ, Консулын газар