ТОКИО. /TASS/. “Кроса” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан орон гэрээ орхин, нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү нүүх зөвлөмжийг Японы баруун нутгийн 570 мянга орчим оршин суугчид хүргүүлсэн тухай телевизийн NHK суваг мэдээлжээ.


Японы баруун өмнөд эргээс ойртон ирж буй хар салхины улмаас Сикоку болон Кюшю арлын 280 мянган байшин үерт автаж, нурангинд даруулах аюул нүүрлээд байгаа аж. Салхины хурд секундэд 35 метрт хүрч байгаа бөгөөд баруун нутгийн хэд хэдэн мужид 800 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна гэж тус улсын Цаг уурын алба мэдээлсэн байна. 


Хар салхины улмаас Японы агаарын тээврийн компаниуд дотоодын 673 нислэгийг хойшлуулсан байна. Мөн баруун бүс нутгуудын төмөр замын тээврийн хөдөлгөөнийг зогсоосноос гадна, хурдны замуудыг хэсэгчлэн хаажээ.


"Кроса" нь энэ жил Номхон далайд дэгдсэн 10 дахь хар салхи юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг