Япон улсын 2019 оны төсвийн төслийг тус улсын парламент лхагва гарагт эцэслэн баталжээ. Японы төсөв 101.5 их наяд иен буюу 908 тэрбум орчим ам.доллар байхаар батлагдсан байна.  

Энэ жилийн төсвийн хувьд Японы нийгэм аажмаар хөгширч, хөдөлмөрийн насны хүн амын тоо буурч байгаатай холбоотой нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд зарцуулах зардал гол анхаарлыг татаж байна. Японы Засгийн газар тэтгэвэр болон эрүүл мэндийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэхийг тэргүүлэх чиглэлээ болгосон байна. Энэ чиглэлд нийт төсвийн гуравны нэгээс илүү хувийг буюу 34 их наяд иен /309 тэрбум орчим ам.доллар/ зарцуулахаар төлөвлөжээ.

2019 оны санхүүгийн жилд /2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2020 оны гуравдугаар сарын 31/ батлан хамгаалахын салбарын зардлыг 1.3 хувиар нэмэгдүүлж, 5.3 их наяд иен /47.4 тэрбум ам.доллар/ төсөвлөсөн байна. Японы батлан хамгаалах салбарын төсөв долоо дахь жилдээ дараалан өсч байгаа боловч ДНБ-ийн 1 хувьтай тэнцсэн хэвээр байгаа юм.

Үүнээс гадна, эдийн засгийн олон салбарт үзүүлэх нөөц дэмжлэгийн санд 2 их наяд иен /181 сая ам.доллар/ төсөвлөжээ. Энэ нь хэрэглээний татварыг 8-10 хувьд хүргэж өсгөх үед учрах сөрөг үр нөлөөг нөхөх зорилготой юм. Хэрэглээний татварыг 10 дугаар сард нэмэгдүүлэх ёстой ажээ.

Төсвийн нийт зардал мөн анх удаа 100 их наяд иенээс давжээ. Энэ нь улсын асар их өрийг багасгахад ихээхэн дарамт учруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогийн байдлаар Япон улс ДНБ-ээсээ хоёр дахин их өртэй байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Кoydo