Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт Болор цомын эзэн нэрт яруу найрагч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд заларчээ.

Тэрээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд Монголын их утга зохиол, яруу найрагт түүхийн шинэ хуудсыг нээж, “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийн яруу найрагчдын тодоор гэрэлтсэн төлөөлөгч болсон билээ.

Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болжээ. Яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтай. Шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртсэн.

“Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын уран зохиолын 108 боть” номонд бүтээл нь нийтлэгдсэн. Түүний бүтээлүүд Орос, Хятад, Энэтхэг улсад орчуулан хэвлэгдсэн байна. МЗЭ-ийн 80 жилийн ойгоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн. Тэрээр 2015 онд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийнхээ цэнгүүнийг уншигч зон олондоо  хүргэсэн бол мөн онд  Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар их хурлаас олгодог Дэлхийн урлаг, соёлын академийн “Шилдэг яруу найргийн төлөө” алтан медалиар шагнуулсан.  

Өөрийн бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байв. 

Гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 


Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа