Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын эмийн бүртгэлд одоогийн байдлаар 5000 гаруй эм бүртгэлтэй байгаагаас 2000 орчим нь зайлшгүй шаардлагатай эм байдаг. 

2018 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны 1 дүгээр сарын 15-наас  эхлэн мөрдөж эхэлжээ.

Энэхүү тогтоолоор насанд хүрэгчдийн 638 нэрийн эмэнд 20-92 хувь, 0-5 настай хүүхдийн 174 эмэнд дунджаар 50-80 хувь хүртэл, нийт 812 эмэнд хөнгөлөлт үзүүлж байна.

Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн даатгалиын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг "Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмүүдийн үнийг хөнгөлдөг. Ямар эмүүдийг хэдэн хувиар хэрхэн хөнгөлөхийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцэж, батладаг. 2018 онд эмийн үнийн хөнгөлөлтөд 37.8 тэрбум төгрөг зарцуулсан бол 2019 онд үүнийгээ 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнээс 52.3 хувийг нь нийслэлд, 47.7 хувийг нь орон нутагт хуваариладаг. 

Эмийн үнийг хөнгөлөхдөө ямар зарчим баримталдаг вэ гэхээр зонхилон тохиолдох өвчний үед хэрэглэгдэх эмийг 80 хүртэлх хувиар хөнгөлдөг. Үүнд ахмадуудын хэрэглэгдэг эмүүд ч ордог. Урт хугацаанд хэрэглэгдэх эмүүдийг 60, уналтын эсрэг, сахар бууруулах зэрэг эмүүдийг 60 хувь, халдварын эсрэг эмүүдийг 30-50, 0-5 насны хүүхдийн эмийг 50-80 хувиар тус тус хөнгөлдөг. 

Эрүүл мэндийн байгууллага 2018 онд 800 гаруй эмийн сантай гэрээ байгуулж, эмийн хөнгөлөлт үзүүлж ажиллаж байсан бол 2019 онд 1026 эмийн сантай гэрээ байгуулж ажиллаж байна. 

Даатгуулагч иргэдэд эм хэрэгтэй үед хол газар биш өөрт ойр байрлалаас эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах бололцоог хангахын тулд эмийн сан байдаггүй сум, хороодод судалгаа явуулж, эмийн сангуудтай гэрээ байгуулж ажиллаж байна. 

Нийслэлийн эмийн сангуудын 20 гаруй хувь нь,орон нутаг дахь эмийн сангуудын 60 гаруй хувь нь 14 хоногоос дээш хугацаагаар эмийн хөнгөлөлт үзүүлдэг. 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаар цахим жор бичих ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар хэн гэдэг хүн, хэзээ, хаана, хэн гэдэг эмч дээр очиж ямар эм бичүүлж авсныг бүгдийг нь хянадаг болсон. 

Мөн бид зөвхөн 24 дүгээр тогтоолд баригдахгүйгээр судалгаа хийж, ямар эмийг хэрхэн нэмж хөнгөлөх шаардлагатай байна, иргэд аль эмийг хөнгөлөлттэй авахыг хүсэж байна гэдгийг тооцож гаргасан. Тиймээс ойрын хугацаанд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байгаа шаардлагагүй эмийг хасах, шаардлагатай эмийг нэмэх зэрэг өөрчлөлт хийнэ" хэмээлээ.