Х.Уянга
06 сарын 19, 2025
Сурагчдын зуны амралт эхэлсэн яг энэ цаг бол хүүхдийн хөгжлийг дэмжих хамгийн таатай үе юм. Эцэг эхчүүд та бүхэн энэ хугацааг хэрхэн өнгөрөөх талаар бодож байвал дараах зөвлөгөөг уншаарай. Сургалт, дугуйлангаас гадуур хүүхдийг гэрийнх нь орчинд аав ээжтэйгээ хэрхэн цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлж болох аргуудыг хуваалцаж байна.
Өдөр тутмын дадал хэвшлийг төлөвшүүлээрэй
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, өдөр тутмын дадал хэвшил нь хүүхдийн сэтгэл зүй, зан төлөвт эергээр нөлөөлдөг. Өдөр бүр давтагддаг жижиг үйлдлүүд нь ирээдүйд хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай нэгэн болж төлөвших үндэс суурийг тавьдаг байна. Түүнчлэн дадал хэвшилтэй болсноор хүүхэд илүү тайван, аюулгүй мэдрэмжтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Зөвлөмж:
Өглөө сэрэх, хооллох, тоглох, унтах тогтсон цагтай байлгахыг хичээгээрэй.
Хичээл хийх, тоглох, амрах цагийг тэнцвэртэй байлгах нь хүүхдийн амралтыг үр дүнтэй болгодог.
Төлөвлөгөөндөө шинэ зүйл оруулах үедээ урьдчилан тайлбарлаж, ойлгуулах нь хариуцлагатай байх чадварт сургадаг.
Өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, ойлголцох алдаж болохгүй боломж
Зөвлөмж:
Өдөрт дор хаяж 10-15 минутыг хүүхэдтэйгээ ярилцаж, тухайн өдрийнх нь мэдрэмж, сэтгэгдлийг сонсоорой.
“Баярлалаа”, “Чи мундаг байсан шүү”, “Хайртай шүү” гэх мэт урмын үгсийг харамгүй хэрэглээрэй.
Шүүмжлэхээс илүүтэй найз нь мэт зөвлөх, санаа бодлыг нь сонсож, харилцан ярилцах байдлаар хандаарай.
Чөлөөтэй гүйж, харайх зай талбайг гаргаж өгөөрэй
Тоглох нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, төсөөлөл, бусадтай харилцах ур чадварыг хөгжүүлдэг хамгийн үр дүнтэй арга юм. Том зай талбайд, эрх дураар нь гүйлгэж харайлгах нь хүүхдийн хөлийн нумыг хөгжүүлэх шалгарсан аргуудын нэг.
Зөвлөмж:
Гар утас, компьютер, телевизорын дэлгэцээс холдуулж хүрч, мэдэрч болохуйц тоглоомоор тоглуулаарай.
Хүүхдийн нас, сонирхол сэтгэхүйн онцлогт тохирсон бүтээлч тоглоомуудаар тоглуулаарай (зурдаг, угсардаг, дүрд тоглодог гэх мэт).
Мэдээж хүүхэдтэйгээ хамт тоглох цаг гаргахаа бүү мартаарай. Хүүхдэдээ цаг гаргах нь тэдэнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буй мэдрэмж төрүүлдэг.
Байгальд гарч ан амьтан, эх оронтой нь танилцуулаарай
Зөвлөмж:
Алхах, дугуй унах, мод тарих, шувуу ажиглах зэргийг туршиж үзээрэй. Энгийн, уйтгартай мэт санагдаж болох ч хүүхэд тань аав ээжтэйгээ л цагийг өнгөрүүлэхийг хүсдэг гэдгийг санаарай.
Гэр бүлтэйгээ эх орноо тойрон аялж, байгалийн сайхныг үзэж чимээ шуугиан ихтэй хотын амьдралаас түр ч гэсэн холдох сайхан биш гэж үү? Мэдээж хүүхдүүдээ малчин өрхийн ахуй амьдралтай танилцуулж, Монголынхоо ёс уламжлал, нүүдэлчин соёлын талаарх ойлголтыг нь тэлж болох юм.
Үлгэр уншиж өгч, ном унших дадалд сургаарай
Унших нь хүүхдийн хэл яриа, дүрслэх сэтгэлгээ, анхаарал төвлөрөлд эерэг нөлөө үзүүлдэг.
Зөвлөмж:
Өдөр бүр 10-15 минут ном уншиж өгөх нь хүүхдийн хэлний хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт болдог.
Хамт номын дэлгүүр, номын санд очих нь таны хүүхдийн сонирхлыг татаж, ном унших дуртай болгох талтай.
Уншсан үлгэрийн баатруудынх нь талаар ярилцаж, харилцан ярилцах нь өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах, ярианы чадварыг сайжруулна.
Зуны хэдхэн сарыг зөв төлөвлөж өнгөрүүлэх нь хүүхдийн дотоод ертөнц, бие даах чадвар, амьдралын хэв маягт ихээхэн нөлөөтэй гэдгийг санаарай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.