Хувь хүний хөгжлийн коүч Ж.Цэцэгсүрэнгийн зөвлөгөө хүргэж байна.

Хөл хориотой байна гэдэг нь гэрээс гарах нь хязгаарлагдмал ч гэсэн амьдралынхаа чухал асуудлаа тунган бодож, хойш тавьсан ажлуудаа амжуулж хийх, өөрийгөө хөгжүүлэх алтан боломж юм.  


✔Хөл хорионы үед гэр бүлийн, хувийн төлөвлөгөтэй байх нь илүү үр дүнтэй

Яагаад гэвэл гэр бүлийн гишүүд олон цаг нэг орон зайд хамт байгаа болохоор хүн бүр үүрэг хариуцлагаа мэддэг, тодорхой цагийн хуваарьтай байх нь чухал. Ингэснээр гэр бүлд үл ойлголцол үүсэх нь багасаж, өөрийгөө хөгжүүлэх орон зай, тодорхой цаг хугацаа гаргах боломж гардаг.  

Хоол хийх, гэр цэвэрлэх хуваарь, хичээлээ давтах, тоглох, амрах цаг зэргийг цагийн хуваарьтаа оруулаарай.

Энэ зохион байгуулалт өөрөө гэр бүлийн гишүүдийг хариуцлагатай байхад сургахаас гадна, цагийн менежментын суурьтай болоход туслана.


✔Бүтээлч ажил төлөвлө

Өдрийн турш ихэнх цагаа гэртээ өнгөрүүлж байгаа ч өдөрт байнгын хийдэг зүйлээсээ өөр зүйлсийг хий, сэдэж олоорой. Жишээ нь өдөр болгон гадаад хэлээ судлах, ном унших, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэх мэтээр өөрийгөө хөгжүүлэх зүйлд цагаа зарцуулах нь маш чухал.

Орой унтахаасаа өмнө тухайн өдрөө хийсэн жижиг бүтээлч зүйлсээ тэмдэглэ. Ном уншсан бол номын нэрийг хэдэн хуудас уншсанаа, гадаад хэл сурсан бол ийм хугацаанд ийм дүрэм сурсан гэх мэтээр өдрийн амжилтаа тэмдэглэн өөртөө талархаарай. 2020 он дуусч байгаа тул энэ оныхоо амжилт бүтээлээ, сургамжаа тэмдэглэхэд ирэх 2021 оны гэр бүлийн, ажил бизнес, хувийн төлөвлөгөө гаргахад тус болно.  


✔Өөрийгөө хөгжүүлэх олон боломжуудын хамгийн түгээмэл, хүртээмжтэй нь ном унших

Гэрт нь байгаа ч уншаагүй эсвэл эхэлсэн номнуудаа уншиж дуусгах маш сайхан боломж энэ өдрүүдэд гарч байна. Гэртээ номгүй ч байлаа ч орчин цагт цахим номын апп элбэг болсон. Хүссэн номоо онлайнаар уншаарай. Ном их уншдаг хүний үгийн баялаг, бичгийн чадвар, ой тогтоомж сайн байдаг төдийгүй төсөөлөн бодох, бүтээлч сэтгэлгээ нь хөгждөг гэдгийг бүү мартаарай.


✔Авьяасаа нээн илрүүл

Алдар нэрд гарсан олон зохиолч, яруу найрагчид хүсэл сонирхолдоо хөтлөгдөн шүлэг өгүүллэг бичиж эхэлсэн гэдэг. Орчин үеийн зохиолын Оросын алдартай зохиолч Дарья Донцова гэхэд анхны детектив зохиолоо эмнэлэгт хүнд өвчтэй, хөдөлгөөний хязгаарлалттай хэвтэж байхдаа бичсэн гэдэг. Та ч бас өөрийгөө сориорой. Зохиол бүтээлээс гадна өөрийн сонирхдог зүйлсээ, авьяасаа нээн илрүүлээрэй.


✔Кино хэлэлцүүлэг өрнүүл

Энэ үед онлайн сургалтууд үнэ төлбөргүйгээр эсвэл хямдралтай зарлагдаж байгаа нь сайн хэрэг. Подкаст, аудио ном, FM радио, уран сайхны кино зэргээр өөрийгөө хөгжүүлэх олон боломж бий.

Энэ дотор киноны урлаг онцгой байр суурь эзэлнэ. Кино нь хүний оюун ухааны хязгаарыг тэлж, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг нь чөлөөлж чаддаг. Амьдралын чухал шийдвэр гаргахад урам зориг авах, бусдыг ойлгох, дотоод зөрчлөө тайлах, нөхцөл байдлыг өөр өнцгөөр харах, асуудлын шийдлийн өөр сонголт, олон хувилбар олж харах, эерэг хандлагаа хөгжүүлэх гэх мэт олон ач холбогдолтой. 

Гэр бүлээрээ кино үзэхдээ киноны төрлөө урьдчилан хамтдаа ярилцаж, аль болох эерэг төгсгөлтэй, сонирхол нэгдэхүйц кино сонгоорой. 


Киногоо үзэж дуусчхаад бие биенээсээ дараах асуулт асуугаарай.


1.Киноны тухай сэтгэгдэл (таалагдсан эсэх, үгүй бол яагаад?) 

2.Киноны ямар хэсэг нь таны анхаарал татсан бэ?  

3.Гол дүрүүдийн зан чанар, онцлог, үйл хөдлөлийг нь тайлбарлан ярих. Энэ хүмүүсийн юу таалагдсан,  юу таалагдаагүй вэ? 

4.Ямар дүр нь танд хамгийн их таалагдсан эсвэл ямар дүр нь эсрэгээр таалагдаагүй, ямар дүр нь ямар ч мэдрэмж танд төрүүлээгүй вэ? Яагаад? 

5.Дүрүүдийн хоорондын харилцааг ярилцан тайлбарлах. Таны нөхцөл байдалтай ижил төстэй зүйл юу байна? 

6. Гол дүрүүд гарсан саад бэрхшээлээ ямар үйлдэл хийж даван туулж байна вэ? 

7. Киноны ямар дүр тантай төстэй байна эсвэл хэнтэй нь төстэй байхыг хүсэж байна вэ? Яагаад? 

8.Киноны тухайн нөхцөл байдалд та яах байсан бэ? Тухайн нөхцөл байдлыг өөрөөр яаж шийдвэрлэж болох байсан бэ? 

9. Гол дүрүүдийн ямар зан чанарыг өөртөө бий болгохыг хүсэж  байна, яагаад? 

10. Кино үзэх явцад танд ямар санаа бодол, дүгнэлт төрөв? 

11. Киноны үргэлжлэл байсан бол агуулга, утга санаа нь ямар байх байсан бэ?

12. Кино үзээд танд ямар мэдрэмж төрж байна вэ? 

13. Киноны ямар санаа, мэргэн үг таны санаанд үлдэв? 

14.Хүний ямар үнэт зүйл энэ кинонд тусгагдсан бэ?