Тэр гудамжинд, байрны хонгилд, гэртээ, олон нийтийн газар, машиндаа хүртэл зурж үзсэн нэгэн. “Зураач болохоос өөр бодол миний толгойд ор ирээгүй. Өөр зүйлийг сонирхож ч үзээгүй. Уран зургийн галерейд орж хууччуулын зурагнаас харцаа салгаж чаддаггүй хүүхэд байлаа” хэмээн GZO урлангийн зураач, МУЭ-ийн гишүүн А.Ганзориг ярьж байна. Түүнийг олон хүн Метромолл их дэлгүүрийн талбайд зурдаг гэдгээр нь андахгүй мэддэг юм билээ. 

-Каллиграфи зурдаг гэдгээрээ та хэдийнэ танил болсон. Ер нь яагаад  энэ чиглэлээр дагнах болов?

-2000 оны эхээр дүү маань Япон яваад ирэхдээ бэлэг, хэвлэлийн материал авчирсан юм. Тэр үед Японы ханз бичлэг хэрэглээнд нь ямар их нэвтэрснийг хараад гайхаж байлаа. Тэндээс ер нь яагаад энэ сайхан монгол бичгээ каллиграфи болгож хэрэглээндээ оруулж болохгүй гэж, үүнийг л сурч эзэмшье гэж зорьсон. Тухайн үед уран бичлэг төдийлэн дэлгэрээгүй цөөн тооны уран бүтээлчид л хийж байлаа. 

-Каллиграфийг та өөрөө юу гэж ойлгодог вэ?

-Каллиграфи бол гоё сайхан бичих гэсэн грек үг. Надад энэ үг чимэглэл тал руу, арай хөнгөдсөн нэр шиг санагддаг. Би үүнийг илүү филосифитой урлаг гэж ойлгодог, түүнд нь ч татагдсан. Бийр, цаас, бэх 3 хүний мэдрэмжтэй нийлээд том философи үүсдэг, нэг ертөнц үүсч байж гоё сайхан бичнэ. Түүнээс биш өнгөцхөн гоё бичих нь каллиграфийн урлаг гэдэггүй.

-Зурж бичих тусам юу мэдэрдэг вэ?

-Эхлээд хэлбэрт нь татагдаж байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам түүндээ дурлаж, дотогшоо орж мэдэрч, тэр тусмаа гоё болдог юм билээ. Дан ганц бичиг гэхгүйгээр бэхэн зураг ч зурдаг. Ер нь бийр бэх, муутуу цаас, сэтгэлгээний нийлбэрээр юу ч хийж болно. 

-Магадгүй соёл, уламжлалаа судлах их хэрэгцээ гардаг болов уу?

-Уран бичлэг өөрөө уран бүтээлчийг хөгжүүлдэг. Урлаг талаас нь хөгжүүлж дэлгэж тавих боломж маш их.  Дээрээсээ доошоо бичиж байгаа учраас хөдөлгөөнийг нь яаж ч өөрчилж болохоор, баригдмал биш. Зав гарвал Монгол уртын дууны үг, эртний сургаалийг уншиж судлах дуртай.  Манай ард түмний өв уламжлагдсан бүтээлүүдийн агуулга нь хичнээн сайхан гээч. Бичихэд урамтай, цаанаас хөглөдөг, хөтлөдөг юм билээ. 

-Тухайн үеийн сэтгэл хөдлөл эмоци нөлөөлөх үү?

-Нөлөөлөх үе байлгүй яахав. Гэхдээ уран бүтээлч хүн сэтгэлгээгээ хайрцаглах ёсгүй. Баярлаж хөөрөөд сайхан хийгээд сэтгэл санаа гундуухан бол тааруухан бүтээл гараасаа гаргаад байж болохгүй. Уран бүтээлдээ бүтээлч сэтгэлгээгээр хандах юм бол зайлшгүй нэг зүйлд хүрнэ гэж боддог.  Нэг үеэ бодвол хүмүүс уран бичлэгийг ойлгож хэрэглээндээ нэвтрүүлж байгаад олзуурхдаг.

-Зураачдын ихэнх нь өөрсдийн урлантай, нууцлагдмал амьдардаг юм шиг санагддаг. Харин та бол гадаа гудамжинд ч, дэлгүүрт ч уран бүтээлээ хийж байна. Энэ таны онцлог уу?

-Уран бүтээлчдийн хэцүү тал нь тэр л дээ. Уран бүтээлээ ч хиймээр байдаг хажуугаар нь амин зуулгаа ч орхигдуулж болохгүй. Дундад зууны зураачид аль нэгийг нь золиосолсон байдаг юм билээ. Орчин цагт бололцоо нь өөр учраас аль алийг нь аваад явахаас өөр аргагүй. 

-Та бас хөрөг зурдаг, ажиллагаа ихтэй уран бүтээлчийн ур чадвар шаарддаг төрөл шүү? 

-Хөрөг зураг хүний гараар, урлагийн амьд зураасаар бүтэж байгаа учраас гэрэл зургаас илүү амьд санагддаг. Хөрөг зурахдаа фото зураг шиг хуулбарлахаас илүү тухайн хүний зан араншинг гаргаж уран зургийн зохиомж, дүрслэл ажиллагааны хуулиар уран бүтээлээ хийж чадах л чухал.

Би зөвхөн зураад л өнгөрөх биш өөрийн чадах хэмжээнд тултал зурахыг хүсдэг. Мундаг мастерууд шиг болоогүй ч өөрийнхөө хэмжээнд хийж байна, сурах юм ч их бий. Хөрөг зураг сонирхолтой ажил. Ойрын үед аав ээжийнхээ зургийг зурахаар төлөвлөж байна. 

-Анх удаа харж байгаа хүнийхээ сэтгэл рүү өнгийх, характерийг нь гаргана гэдэг амаргүй болов уу?

-Хүн харахаас андашгүй дээ. Анх уулзахад л нүүрний хувирал, нүдний харцаараа нь ямар хүн бэ гэдгээ харуулдаг. 

Ялангуяа нүдэнд сэтгэл, хүсэл мөрөөдөл нь, цог золбоо бүх зүйл нь бий. Тэр бүхнийг хөрөгтөө шингээж зурахыг хичээдэг. Натур болгоод хүнийг олон цаг суулгахаар зарим хүмүүс ядардаг, анхаарал нь сарнидаг, чилдэг учраас удаадаггүй. Тийм учраас эхний харсан тэр гоё харцыг олж хараад буулгах чухал. 30 минут, цагийн дараа тэр хүн анхны харцаараа харж чаддаггүй учраас зургийг нь аваад зурдаг. 

-Уран бүтээлч хүнтэй уулзсан юм чинь онгодын тухай асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Онгод бол олон жилийн хөдөлмөрийн үр дүн гэж боддог. Тэр нь хүнд аажим аажмаар бий болсон зүйл гэх юм уу даа. Хумсын толио шиг жижиг зүйлээс эхэлж бүрдсээр бүтэн болж ирдэг тэр л хүчин зүтгэл, авьяас чадал юм. Тэр нь нэг л өдөр дүүрч бялхаад ирэхээр тэр сайхан бүтээлийг гараасаа гаргадаг болов уу. Түүнээс биш юу ч сураагүй байж онгодоор гайхалтай уран бүтээл хийчихнэ гэж байхгүй.

Сүүлийн 20-иод жилийг харж байхад би хөрөг зураг, уран бичлэг, уран зурагт амьдралаа зориулжээ. Ар гэрээ тодорхой хэмжээнд орхигдуулаад дуртай ажлаа хийж ирсэн. Үр дүн нь одооноос гарч ирж байна. Энэ жил би Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн боллоо. Уран бүтээлчдын хувьд гишүүн болно гэдэг тийм амар зүйл биш учраас маш их баярласан.

-Та одоо дэлгүүрт урлангаа ажиллуулж байна. Олон зураачид урландаа л төвлөрдөг бол та эсрэгээрээ. Хэдийнээс олон нийтийн газар зурж эхэлсэн бэ?

-Зурж эхэлсэнээсээ хойш гудамжинд, байрны хонгилд, гэртээ, олон нийтийн газар, машиндаа хүртэл зурж үзжээ. Гэхдээ олон нийтийн газар зурж сурах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Магадгүй зарим уран бүтээлч ил гарч зурахаас нэрэлхдэг байх. Миний бодлоор уран бүтээлч хүн гэдэг чөлөөтэй сэтгэдэг, хаана ч юмаа хийж чаддаг байх ёстой гэж боддог. Тийм ч учраас би Их дэлгүүрийн орчимд гадаа ширээ, зургийн хэрэгслээ тавиад зурдаг байсан. Тэнд олон жил зурсан. 2000 оны эхээр хүмүүс гадаа суугаад зурахаар хүмүүс их гайхна аа.  Эвгүй харцаар харна, гайхаж харна, эргэлдэнэ (инээв)

Сүүлдээ хүмүүс ч хүлээж авсан. Одоо ч би зун болохоор гадаа зурах дуртай. Заримдаа хүүхэд сонирхож шохоорхоод зогсохоор нь өөрийг нь зураад бэлэглэчихдэг. Би уран бүтээлчдийг гадаа гараад хамтдаа зураад бие биентэйгээ ойлголцоосой, нэгнээсээ суралцдаг байгаасай гэж хүсдэг. 


-Таныг нэлээн хэдэн орноор дугуйтай аялал хийсэн гэдгийг мэднэ. Тэр тухайгаа сонирхуулаач?

-Нэг хэсэг график дизайнер хийж байлаа дараа нь гадаа нэлээн хэдэн жил зурж суулаа. Суудлын ажил арваад жил хийхээр яалт ч үгүй илүүдэл жинтэй болчихдог юм байна. Ингээд эхнэртэйгээ ярилцаад хамтдаа дугуйтай аялахаар шийдсэн. Гэхдээ Монголдоо биш гадаад руу аялах зорилго тавьсан юм. 2008 оны үед шүү дээ. Замдаа зөвхөн цагаан хоол хэрэглэнэ гээд “Ногоон дэлхий цагаан хоол” нэртэйгээр адал явдалт аяллаа эхлүүлж байлаа. Тухайн үед цагаан хоол идэж, унадаг дугуй унаад хүмүүстэй танилцаад явъя л гэж бодсон. Эндээс Баян-Өлгийгөөр Хятад ороод тэндээс Казакстан, Азербайджан, Армен, Гүрж, Турк гээд зургаан улсаар дайрч өнгөрсөн.  Аяллаас нэг зүйлийг ойлгосон. Хүн цагаан хоол идлээ гээд ядраад сульдаад унадаггүй юм билээ. Ер нь хүний бие асар их чадвар, нөөцтэй гэдгийг би олж мэдлээ. Анх 94 кг жинтэй гараад аялалд гараад хоёр сарын дараа ирэхдээ 20 кг хаяад ирж байлаа.

-Аяллын үед тохиолдсон хөгжилтэй зүйлсээ манай уншигчдад хуваалцаач?

-Тэр үед хөдөөгүүр аялдаг хүн ховор байж. Бид хоёр найман сарын эхээр гарсан учраас нар салхинд бид хоёр нэлээн борлож сэвхтсэн. Дугуйгаа унаад явж байтал байсхийгээд хот айл харагддаг. Буугаад явах уу яах уу гээд ярилцаад явж байхад хот айлынхан холоос даллаастай. Дугуйтай очиж явахад л малчид “Энэ 2 тас хар болчихож, бодвол нэг нь япон, нөгөө нь европ хүн шиг байна” гэсээр угтана. Өмнөөс нь бид 2 "Сайн байна уу, Монгол хүн байна аа" гэхээр гайхаад бөөн инээдэм ханиадам болцгооно шүү дээ /инээв/. Манай монголчууд сайхан ард түмэн дээ. Хаана ч явсан ядарч байна уу гээд хоол цайгаар дайлж, ааруул өрмөө өгч, зураг хөргөө татуулаастай. Аялж явахдаа олон сайхан хүмүүстэй танилцсан. Жишээ нь Казакстанд 90 настай хүн дайн тулааныг эсэргүүцсэн уриатайгаар эх орноо тойрон дугуйтай аялал хийж байгаатай таарч байлаа. 

Ер нь хүнтэй чин сэтгэлээсээ харилцаж ярилцаад явахаар аль ч газрын хүмүүс нь сайхан ханддаг юм билээ. Янз бүрийн хүмүүс байдаг дуулддаг. Бид хоёр тийм хүмүүстэй нь таараагүй, тэнгэр ивээсэн байх аа. 


Дугуйтай аялагчид улс улсын хил гаалиар нэвтрэх амаргүй даваа юм билээ.  Бид 2 эндээс гарахдаа Гадаад харилцааны яаманд аялал хийж байгаа талаарх мэдээллээ өгөөгүй юм.  Үүнээс болоод хуучин соц орнуудын хил гааль нэвтрэхэд хүндрэл учирсан тал бий. Зарим орны хил гаалийнхан жуулчдаас гар хараад сурчихсан. Казакстан бол бид 2-ыг нэлээн хашраасан. Буудалд биш хээр гадаа хонож байгаа хүмүүст яаж амар байхав (инээв)

Казакстанаас Азербайжан гарахад Каспийн тэнгэсийг усан онгоцоор гардаг. Сонирхолтой нь тэр онгоц хэзээ ирэхийг хэн ч мэддэггүй, ямар ч холбоо харилцаагүй, цагийн хуваарь байхгүйг мэдээд гайхсан шүү.

-Хүнд хэцүү үед туслах хүмүүс хэр их байв?

-Интернэтээр couch surfing буюу айлд хонуулах үйлчилгээнд бүртгүүлж байсан маань маш их хэрэг болж байлаа. Казасктанд гэхэд нэг айл тун сайхан хүлээж авсан.

-Аяллаас олж авсан хамгийн том олз нь юу байв?

-Мэдээж олон улсаар аялаад явах сайхан. Гэхдээ эх орон шиг сайхан, элгэндээ зөөлөн тэвэрдэг зүйл байдаггүйг ойлгосон. Хүний нутаг бол хүнийх, хүнд хэцүү үед хэн ч наашаа гэхгүй шүү дээ. Энэ аяллын хамгийн сайхан нь гэр бүлийн хувьд нэгнээ илүү их ойлгож чадсандаа олзуурхдаг.


Хаяг: "Metromall" их дэлгүүрийн 3 давхар. www.calligraphy.mn