ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургадугаар сарын 5-нд Ирланд улсад айлчилна гэж Цагаан ордноос албан ёсоор мэдээлэв.


Д.Трамп Их Британид зургадугаар сарын 3-нд хүрэлцэн очиж, гурван өдрийн айлчлал хийсний дараа Ирландыг зорих ажээ.


АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай Мелания Трамп нар Ирландын Ерөнхий сайд Лео Варадкартай Шэннон тосгонд уулзана. Шэннон тосгоноос холгүй оршдог Клер тойрогт Д.Трампын эзэмшдэг “Doonbeg” гольфын ресорт байрладаг байна.


Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Д.Трамп, Л.Варадкар нар зургадугаар сарын 5-нд хоёр талын уулзалт хийх ажээ. Хоёр орны удирдагчид өнгөрсөн гуравдугаар сард Цагаан ордонд уулзсан юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Ирланд улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард айлчлахаар төлөвлөж байсан хэдий ч цагийн хуваарьтай холбоотой шалтгааны улмаас хойшлуулсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг