ТЕХРАН. /NHK/. “Манай улс АНУ-ын шахалтад бууж өгөхгүй” гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани мягмар гарагт ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


Х.Рухани хэлэхдээ, Ираныг заналхийлсэн хэн бүхэн харамсах болно хэмээгээд, манай улсын ард иргэд гадаадын дарамтлагч хүчнүүдэд өвдөг сөхрөхгүй гэжээ.


Өнгөрсөн ням гарагт Иракийн нийслэл Багдад хотын Ногоон бүсэд пуужингийн цохилт өгсөн юм. Тус бүсэд АНУ-ын Элчин сайдын яам байрладаг байна. АНУ-ын Төрийн департамент уг халдлагад Ирантай холбоотой босогчдыг буруутгасан юм.


“Иракийн Засгийн газар хурцадмал байдлыг намжаахын тулд АНУ болон Иран руу төлөөлөгчдөө илгээнэ” гэж Иракийн Ерөнхий сайд Адель Абдул-Махди мэдэгджээ. Гэсэн хэдий ч Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзаж буйтай холбоотойгоор А.Махдигийн санаачилсан зуучлал амжилтад хүрэх эсэх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг