Бангладеш руу дүрвэсэн Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохиньячуудыг нутаг буцаах хугацааг албан ёсоор товлон гаргажээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Мьянмарын Засгийн газар дүрвэсэн рохиньячуудыг хоёр жилийн хугацаанд багтаан буцааж авчрахаар Бангладешийн талтай тохиролцсон байна. Мягмар гарагт буюу өчигдөр болсон хоёр улс хоорондын дээд түвшний уулзалтын үеэр ийн  тохиролцоонд хүрсэн гэнэ.

Мьянмар мэдэгдэхдээ “Бангладеш руу дүрвэсэн хүмүүсийг буцааж авчрах ажлыг аль болох ойрын хугацаанд хийж эхэлнэ” гэжээ. Гэхдээ рохиньячуудын хэд нь Мьянмар руу буцаж, Мьянмарт очсон хойно нь тэдний аюулгүй байдлыг хэр сайн хангах нь тодорхойгүй байна.

Одоогоор, 700 рохинжа хүн нутаг буцна гэдгээ мэдэгдээд байгаа аж.

Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохиньячууд голдуу амьдардаг Ракхайн мужид 9 цагдааг хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр гарсан юм. Эдгээр цагдааг рохинья босогчид хөнөөсөн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон нь 650 мянга гаруй энгийн номхон рохинья хүнийг хөрш Бангладеш руу дүрвэхэд хүргэсэн.

Мьянмарын цэргүүд болон буддын шашинтнууд рохиньячуудын тосгодыг шатааж, эрэгтэйчүүдийг нь хөнөөж, охид эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж байна гэх мэдээлэл өнгөрөгч зун олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ар араасаа хөвөрч байсан юм. Аюулаас хамгаалах хүчнийхний явуулсан ажиллагааг НҮБ “үндэстний цөөнхийн цэвэрлэгээ” гэж нэг бус удаа тодорхойлон мэдэгдэж, рохиньячуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Нобелийн Энх тайвны шагналт хатагтай Ан Сан Су Чигээр удирдуулсан Мьянмарын Засгийн газраас шаардсаар байв. Харин Мьянмарын Засгийн газар уг цэргийн ажиллагаагаа “босогчидтой тэмцэх ажиллагаа” гэж тодорхойлсон билээ.