ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Сарыг судлах зорилгоор хөөргөсөн “Chandrayaan-2” аппаратын саран дээр газардагчийн байршлыг тогтоосон боловч холбоо тогтоож чадаагүй байна гэж Энэтхэгийн Сансар судлалын агентлаг мэдээлжээ.


Сарны гадаргуу дээр бууж, түүхэн даалгавар гүйцэтгэхээр төлөвлөж байсан “Vikram” газардагч өнгөрсөн бямба гарагт холбоо тасарсантай холбоотойгоор уг үйл ажиллагааг амжилтгүй болсон хэмээн үзэж байгаа юм.


Сансар судлалын байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, “Chandrayaan-2”-ын тойрог замын нислэгийн аппаратын авсан гэрэл зургуудаас “Vikram” газардагчийн байршлыг тогтоосон бөгөөд холбоо тогтоохыг оролдож байгаа ажээ. “Vikram” хэр эвдэрснийг хараахан тодорхойлоогүй байгаа аж.


Есдүгээр сарын 7-нд "Chandrayaan-2"-ын саран дээр газардагч Сарны гадаргуугаас 2.1 орчим километр зайд амжилттай ойртож чадсан боловч Саран дээр буухаас хэдхэн секундын өмнө холбоо тасарсан юм.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг