Хятадын "Чанъэ-4" сансрын аппарат манай гарагийн цорын ганц дагуул болох Сарны ар талын гадаргууг авсан панорам зургийг илгээсэн тухай тус улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ мэдээлжээ.  

Сансрын уг аппарат таталцлын хүчний нөлөөгөөр дэлхийгээс харагддаггүй Сарны ар талд нэгдүгээр сарын эхээр амжилттай газардсан юм.

"Чанъэ-4" аппаратын дээд хэсэгт суурилуулсан топографикийн дурангаар авсан 360 градусын зургийг CNSA нийтэлсэн байна. Өнгөрсөн оны зургадугаар сард хөөргөж, Сарны ар талын Лагранжа L2 цэгт амжилттай оруулсан "Цюэцяо" хиймэл дагуулын тусламжтайгаар зургийг Дэлхий рүү илгээжээ. "Цюэцяо" нь гурван хэмжээст Лагранжа L2 тойрог замд байрлаж буй дэлхийн анхны хиймэл дагуул болсон байна. Уг хиймэл дагуулын ачаар Сарны ар талыг “харах” боломжтой болжээ.

"Чанъэ-4"-ийг Сарны ар талын геологийн бүтцийг судлах зорилгоор бүтээжээ. Хятадууд дараа нь "Чанъэ-5" аппаратыг Сарны тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд бүтээх ажилдаа хэдийн орсон аж. “Чанъэ” цуврал аппаратыг Хятадын домогт гардаг сарны охин тэнгэрийн нэрээр нэрлэсэн байна.   



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti