Д.Отгонтуяа: Бүтэлгүйтэл бол муу зүйл биш гэдгийг хүүхдэдээ ойлгуулаарай

Хүдэрчулууны Хулан
10 сарын 03, 2025

Peak.mn: Та өсвөр насны хүүхэдтэй юу. Асуудлууд тулгарч байна уу. Ойлголцож, харилцан ярилцаж чадаж байна уу? “Уурлах уу, учирлах уу” булангийн энэ удаагийн дугаарт “Өөртөө л найд” номын зохиолч, боловсрол судлаач, доктор Д.Отгонтуяагийн ярилцлагыг онцолж байна.


-Бид өнөөдөр хүүхдийн өсвөр нас гэдэг энэ адармаатай ч юм шиг цаг үеийг даван туулахад эцэг эхчүүд, багш нар хүүхдэдээ хэрхэн туслах ёстой вэ гэсэн сэдвээр ярилцана. Өсвөр насныханд маань яг ямар асуудал голдуу тулгараад байна вэ?

-Нэгдүгээрт асуудал нь өөртөө итгэх итгэл алдрах явдал. Биеийн галбир нь өөрт нь таалагдахгүй болох, эсвэл намхан байгаадаа сэтгэл дундуур байх, эсвэл сурлага тааруу байгаадаа, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаадаа гэх мэт. Өөртөө итгэх итгэлгүй хүүхэд хичээлд оролцох байдал, бусад бүх асуудалд хойгуур л яваад байдаг юм. 

Нэгэн шавь маань долдугаар ангид байхдаа надаас, “Би тааруухан сураад байгаагаа мэдээд л байна. Гэхдээ үүнийг өөрчлөх гэхээр яах ёстойгоо мэдэхгүй юм. Хэн ч надаас чи яагаад өөртөө итгэлгүй байгаад байна, үүнд чинь юу нөлөөлөөд байна?” гэж асуудаггүй. Ингэхэд өөртөө итгэх итгэл гэдэг зүйл хаана байдаг юм бэ?” гээд асууж байв. Би түүнд, “Үүнийг хайх хэрэггүй ээ. Харин чи өөрөө бий болгодог юм аа. Бий болгохын тулд чи өөрөө хөдөлмөрлөх ёстой. Тодорхой нэг зүйлийг чаддаг болох ёстой. Тэгэхийн тулд цаг гаргаарай” гэж хэлсэн.  

Тэр хүүхэд маань энэ жил есдүгээр анги төгссөн юм. Спортоор хичээллэдэг болсон байна лээ. “Нэг чаддаг зүйлтэй болчихсон чинь  дараа дараагийн зүйлүүдийг хийх сэдэл төрөөд, өөртөө итгэх итгэл гэдэг чинь нээрээ надад өөрт маань байдаг юм байна лээ. Түүнийг холоос хайх хэрэггүй юм байна лээ” гэж байсан л даа


-Бас ч гэж асуултынхаа хариултыг олох гэж хичээсэн байна шүү дээ. Тэгвэл эцэг, эхчүүд энэ тохиолдолд юунд илүү анхаарах ёстой байдаг юм бол.  Тэд хүүхдээ ямар байдлаар чиглүүлэх ёстойгоо мэддэггүй шүү дээ?

-Өсвөр насныхны бас нэг онцлог нь энэ үед аав, ээжийн, томчуудын зөвлөгөөг гэхээсээ илүү найз нөхдийн зөвлөгөөг голчилдог.  Тйимээс аав, ээжүүд нь байнга биш, тодорхой зүйлүүд дээр, яг хэрэгтэй үед нь л хувилбартай зөвлөгөө өгөх хэрэгтэй.  Өсвөр насны хүүхдүүд тодорхой төлөвлөгөөтэй зүйлд дуртай. Магадгүй, охидын болзоо ч юм уу,  аав, хүү хоёрын болзоо, эсвэл сардаа нэг удаа гэр бүлээрээ заавал хамт хооллох гэх мэт тодорхой төлөвлөгөөтэйгөөр уулзаж, тэр үедээ ярилцах гэх мэт аргууд байж болно. 

Долоо хоногт нэг удаа ч гэсэн цаг зав гаргаад “Энэ долоо хоногт юу болж өнгөрсөн бэ, миний ажил дээр бас ийм юм боллоо. Би бас үүн дээрээ бүтэлгүйтлээ, чамд ямар нэгэн бүтэлгүй зүйл болсон уу?”  гээд өөртөө тохиолдсон зүйлээ ярих юм бол хүүхэд нь маш сайхан хүлээж авна. “Асуудал ганц надад байдаггүй юм байна. Том хүнд ч гэсэн асуудал гардаг юм байна” гээд илүү хөнгөн хүлээж авна. 


-Өсвөр насны хүүхдүүд эцэг, эхээсээ зөвлөгөө сонсох байдлаар харилцахдаа дургүй байдгийн шалтгаан юу юм бол?

-Хүүхдүүд эцэг эхчүүдээс өөрийг нь том хүн болчихсон гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Тиймээс “Тэгээрэй, ингээрэй” гэж харилцахын оронд сонголт хийх эрхийг нь өгчихвөл “Надад итгэж байгаа юм байна” гэдэг мэдрэмж өгнө. “Ээж надад итгэж байгаа учраас би итгэлийг нь алдахгүйн тулд зөв сонголт, зөв үйлдэл хийх ёстой”  гэж ухамсарладаг.  Түүнчлэн “Би ч гэсэн энэ өсвөр насны асуудлыг туулаад ард нь гарсан. Адилхан асуудал тулгамдаж байсан шүү” гэдгийг хэлчихээр хүүхдүүд маш таатайгаар хүлээж авна.  Ингэж харилцах юм бол илүү дотно харилцаа үүсгэх боломжтой. 


-Таны хувьд эцэг эхчүүдийн хүүхдээ шүүмжилсэн, бусадтай харьцуулсан байдал хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөлж болох вэ? 

- Үүнээс болоод хүүхэд “Угаасаа ах л мундаг төрсөн,  эгч л надаас илүү. Би угаасаа бүтэхгүй хүн юм байна” гэсэн ойлголтыг авч өөртөө итгэх итгэл нь буурдаг. Тиймээс эцэг, эхчүүд маань хүн гэдэг цорын ганц хувилбар, дахин давтагдашгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Нэг ээжийн хэвлийгээс төрсөн  ах, эгч, дүү нар ч бүгдээрээ ялгаатай. Тиймээс цорын ганц хувилбарыг битгий өөр хүнтэй харьцуулаач. Харин ч эсрэгээр нь, хүүхдийг өөртэй нь харьцуулж болно. Энэ улиралд чи энэ хичээл дээр ийм дүнтэй байна. Тэгвэл дараагийн улиралд энэ дүнг хоёулаа ахиулж чадах уу. Хоёулаа энэ улиралд ямар, ямар хичээлд сайжирна гэж бодож байна гэх мэтээр тодорхой зорилгуудыг ярих хэрэгтэй. 

Тэгэхгүйгээр бүх хичээл дээр сайн, шилдгийн шилдэг болгоно гэдэг угаасаа боломжгүй шахуу зүйл. 


-Харьцуулалт, шүүмжлэлт хүүхдэд сөргөөр нөлөөлдөг өөр ямар жишээ байна вэ?

-Таны шүүмжлэлийг хүлээж авахгүйгээр харин ч эсрэгээрээ бүр хийхгүй байх магадлалтай. Би тэртэй, тэргүй муу юм чинь хийж яах юм. Хийгээд ч сайжрахгүй юм чинь гэх мэтээр зөрүүдлээд гөлийчихдөг тал бий. Тиймэрхүү байдал их ажиглагддаг. 

Өсвөр насны хүүхдийн сэтгэлийн хөдлөл өндөр учраас маш тод, тодорхой илэрч байдаг. Гайгүй дундаж сурлагатай байсан хүүхэд гэнэт бүр юу ч хийхээ болих байдлаар энэ илэрч ч болдог. 


-Та энэхүү харилцааны талаарх өөрийн бичсэн номоо яагаад “Өөртөө л найд” гэж нэрлэсэн юм бэ? 

-Долдугаар ангийн сурагчид маань “Багш аа, та бидэнд заадаг, сургадаг, зөвлөдөг зүйлүүдээ ном болоод гаргавал зүгээр юм биш үү. Тэгвэл хүүхдүүдэд илүү хүрнэ. Бид ч тэр зааврын дагуу шууд ажиллах боломжтой болно” гэсэн юм. Тэгээд энэ ном маань гурван жилийн дараа бүтсэн. Яагаад “Өөртөө л найд” гэж нэрлэсэн бэ гэхээр, миний хүүхдүүддээ байнга хэлдэг зүйл бол “Өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээнэ. Тэгэхээр өөрөө өөртөө найдаж, бүтээх ёстой. Аав, ээж тусалж зөвлөнө, баг бас дэмжинэ. Гэхдээ хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л бүтээдэг. Хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг ч өөрөө хүлээдэг учраас номоо “Өөртөө л найд” гэж нэрлэсэн.


-Таны номоос харахад асуултаар дамжуулж ойлгох боломжтой юм байна шүү дээ. Өөрийгөө бусадтай харьцуулахгүйгээр өөртөө хариулт олох боломжтой юм санагдсан? 

-Та маш зөв анзаарсан байна. Хүүхэд асуултдаа хариулахын тулд өөрөө бодох хэрэгтэй болно. Миний хамгийн дуртай зүйл юу вэ, би хамгийн сүүлд юунаас ямар мэдрэмж авсан бэ гэх мэтээр хүүхэд хүснэгтийг бөглөх гээд сууж байх явцдаа “Нээрээ би яасан билээ?” гээд  өөрийгөө тунгаан бодох, өөртөө дүгнэлт хийх шаардлага,  боломж олдож байгаа гэсэн үг. Тэгэхээр асуултуудаар дамжуулж эцэг, эхчүүдэд багш нарт юу хэлэхийг зорьсон бэ гэхээр, бүх хичээл, судлагдахуун чухал. Гэхдээ энэ дунд хүүхэд өөрөө мэдрэмжээ илэрхийлэх, өөрийгөө яг юунд дуртай, ямар үед баяр баясгалантай байдаг, ямар үед гуниглаад,  өөртөө итгэлгүй болдог вэ гэдгийг ойлгох буюу зүрх сэтгэлийн боловсрол эзэмших нь маш чухал.  Энэ номд маш олон дасгал ажилтай бөгөөд тэдгээр нь бүгдээрээ хоорондоо уялдаа холбоотой. Академик чадвар чухал. Гэхдээ хажуугаар нь зүрх сэтгэлийн буюу өөрийгөө ойлгодог, бусдыг энэрч хайрладаг, ёс суртахуунтай байх боловсролыг эзэмшиж явах ёстой. Аль алийг нь тэнцвэрийг нь хангах ёстой юм.  


-Таны номыг  уншсан хүүхдүүд ямархуу сэтгэгдлүүд хэлж байх юм?

-Зуны гурван сарын хугацаанд номыг уншаад дасгалыг нь ажиллаж үзсэн хүүхдүүд эргээд холбогдсон л доо. “Би хэзээ ч ийм асуултад өмнө нь хариулж байгаагүй юм байна”, “Энэ номыг уншаад асуултад нь хариулж байх явцдаа “Нээрээ би яадаг билээ?” гэж маш их бодсон.  Хүн өөр рүүгээ өнгийгөөд харахаар хариулт нь сонирхолтой байдаг юм байна” гэж байсан. Эцэг, эхчүүд маань ч гэсэн хүүхдэдээ “Ном унш” гэж ерөнхийд нь хэлэхийн оронд “Стрессээ тэдэн хувь бууруулахад ном чухал байдаг юм” гэх мэтчилэн тодорхой өгдөг байвал илүү үр дүнтэй. Хүүхдүүд маань “Өөртөө л найд” номтой ажиллах үедээ өөртэйгөө ярилцах, ойлголцохын чухлыг мэдэрч байсан. 


-Бид өсвөр насныхандаа бүтэлгүйтэх боломжийг олгохгүй байна. Төгс төгөлдөр байхыг л шаардаад байдаг. Тэгэхээр хүүхдээ өөртөө л найддаг хүн болгохын тулд бид хүүхдэдээ өндөр шаардлага тавих биш, харин итгэх ёстой юм байна? 

-Томчууд хүүхдээс хэтэрхий их юм хүсдэг  нь үнэн шүү дээ. Насанд нь, биед нь баймгүй зүйлсийг хүсдэг. Хүүхдэдээ бүтэлгүйтэх, тааруу дүн авах боломжийг нь олгодоггүй. Дандаа л “Чи нэгдүгээрт байх ёстой, хамгийн сайнаараа хийх ёстой, өмнөхөөсөө ахиагүй байна” гэдэг шаардлагуудыг тавихаар хүүхдийн өөртөө итгэх итгэл суларна. Аливаа зүйлийг хүн хийж, оролдож үзээд бүтэлгүйтэж болно. Бүтэлгүйтэл бол амжилтын 50 хувь. Бүтэлгүйтэл дээрээ тулгуурлаад дахин, дахин хийгээд л бай. Давтамжтай үйлдлийн дараа заавал эерэг үр дүн гарна гэдгийг хүүхдэдээ ойлгуулаарай. Хүүхдүүд маань харахад бие нь том боловч бодол нь нялхаараа л байдаг юм. 


-Сүүлийн үед женерэйшнийн ялгааны талаар ихээхэн ярьцгаадаг болжээ. Чингис хааны үед ч “одоогийн залуучууд” байсан гэдэг шиг аль ч үед шинэ үеийнхэн бий. Шинэ үе угаасаа л шинэ зүйлийг хүсэж байдаг. Тэгэхээр ийм насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүд заавал мэдэх ёстой зүйлсийг эсвэл хамгийн мэддэггүй зүйлсийг  зөвлөе гэвэл та юу зөвлөх вэ? 

-Та ч бас ажил дээрээ үргэлж шилдэг нь байдаггүй. Тэгэхээр хүүхдээсээ хэтэрхий их зүйл хүсэхээ болиорой. Хүүхдүүдийнхээ оронд өөрийгөө тавиад бодоод үзээрэй,  ойлгож харилцаасай л гэж хүсэж байна. 


-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.