Э.Эрдэнэ: Монгол тамирчид тэмцээнд хамгийн хурдтай морийг нь сонгож оролцдогоороо онцлогтой

Хүдэрчулууны Хулан
10 сарын 02, 2025

Peak.mn: Гаднынхан түүнийг "Монгол бүргэд"," Монгол Шумахер" хэмээдэг. Харвахынхаа өмнө, морин дэл дээр салхи татуулан давхихдаа тэрбээр хоёр гараа дээш өргөн дэвж буй нь яг л бүргэд шиг харагддаг учраас ингэж дууддаг болжээ.

Солонгосын Чэжү арлын жуулчдыг 17 жилийн турш тасралтгүй морин циркийн үзүүлбэр бүхий задгай шоугаараа байлдан дагуулж буй "Хан Монгол" морин циркийн Чэжү дахь салбарын багш дасгалжуулагч,  морьт харвааны Дэлхийн дөрвөн удаагийн аварга Э.Эрдэнийг Peak.mn сайт "Амьдрал" буландаа онцолж байна.


Үзэгчид доргио байх тусам залуус маань “өдтэй мэт” болдог 

-Чэжүд одоо морин циркийн хэчнээн уран бүтээлч байна вэ?

- “Хан монгол”-ын Чэжү дэх салбарт 40 гаруй уран бүтээлч ажиллаж, амьдарч байна. Монголчуудын өв соёл болсон морьт харвааны спортыг олон хүнд түгээх, чанартай сайн тамирчид бэлтгэхийн төлөө гар бие оролцон явж буйдаа бид маш сэтгэл хангалуун байдаг. 


-Чэжүд манай морин циркийнхний үзэгчдийг хамгийн их өндөлзүүлж, догдлуулдаг үзүүлбэр нь юу байдаг бол?

-Олон үзүүлбэр бий. Тэр дундаас бидний маш хурдтайгаар ар, араасаа цуварч давхин орж ирээд байнуудынхаа голд сум зоодог үзүүлбэр бий. Тэр үзүүлбэрт үзэгчид өөрийн эрхгүй өндөлзөж байгаа харагддаг юм. Бас хурдтай давхиж байгаа мориныхоо дээгүүр, доогуур нь гардаг үзүүлбэрийг маань уулга алдан үзэцгээдэг юм. Солонгос үзэгчид ер нь сэтгэл хөдлөл маш ихтэй. Эмоцио өндрөөр илэрхийлнэ, их доргио хүмүүс. 

Уран бүтээлч бид чинь үзэгчид доргио байх тусам бие хөнгөрч байдаг. Солонгосын оюутны амралтын үеэр үзүүлбэрийн захиалга олноор ирдэг. Охидын сургуулийнхан тэр чигээрээ ирсэн үед тэдний хашгирч, эмоцио илдэрхийлж буй нь тоглолтын хөгжимнөөс давж нүргэлдэг юм. Тэр үед манай залуус “өдтэй юм шиг” л болдог доо.   



-Залуу хүн гэхэд та их олон сайхан шагналын эзэн болсон хүн. Эдгээрээс өөрийн сэтгэлд бахархал төрүүлсэн онцгой шагналуудаасаа дурьдахгүй юу?

-Солонгосын ЭСЯ-ныхантай хамт Бавуугийн Лагвасүрэн гуай ирээд, миний бие тэр мундаг хүний гараас Соёлын тэргүүний ажилтан хэмээх шагналыг авч байсан маань надад дурсамжтай сайхан санагддаг юм. Тэгэхэд Б.Лхагвасүрэн гуай, "Миний монголын залуус хүний нутагт гуйж биш, гуядаж хоолоо олж идэж байгааг хараад би бахархаж байна. энэ бол урлаг, соёлын дарангуйлал юм" гэж хэлж байсан. 



 2019 онд миний бие “Алтан гадас” одон мөн авсан. 


-Морьт харааны Дэлхийн аваргын тэмцээнд бас олон амжилт үзүүлсэн шүү дээ?

-Дэлхийн аваргад нийт таван удаа оролцсоноос дөрвөн удаад нь аварга болж байсан. Үүнээс гадна олон улсын олон тэмцээнд амжилт үзүүлсэн. Малайз, Киргизстан, Унгар гэх мэт оронд болсон олон улсын болон европын аваргын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцсон. 


Морь хүн хоёр бие биендээ дасахын цагт үзүүлбэр төгсөрдөг


-Монгол тамирчдаас гадна арабууд морьт харваандаа их чадварлаг гэх юм билээ?

-Тийм. Саяхан монголд болсон дэлхийн аваргын тэмцээнд мөн арабууд хол тасархай трүүлсэн шүү дээ. Арабууд их дайчин чанартай, цөс ихтэй хүмүүс. Бас шашнаасаа шалтгаалаад сахилга бат сайтай. Араб морьд их хурдтай. Тэр хурдтай морьдоор байнгын, тасралгүй дасгал сургуулилт, бэлтгэлтэй байдаг нь арабуудын амжилтад бас нөлөөлдөг болов уу гэж хардаг юм. 


-Монгол Улсад морьт харвааны хэчнээн тамирчин байдаг вэ?

-Тэмцээн, уралдаанд байнга оролцоод явж байгаа 150-160 тамирчин байх шиг байна. Сонирхол, хоббигоороо хичээллээд, морьт харвааны өв тээгч болоод явж байгаа олон хүн бий. 



-Морьт харваачийнхаа хувьд өөрөөрөө хамгийн их бахархаж байсан амжилт тань юу байв?

-Казахстаны үндэсний зоос харвах төрөл орж ирсэн. Хүрэл, мөнгө, алтан гурван зоосыг гурван зам дээр тус тусад нь байрлуулаад, хүрэл зоосыг зургаан метрээс, мөнгөн зоосыг найм, алтан зоосыг арван метрийн зайнаас тус, тус харвадаг төрөл. 

Хамгийн сүүлийн буюу алтан зоосыг арван метрийн зайнаас ононо гэдэг арван харваачаас нэг юм уу хоёр нь онож чадах уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй тийм нарийн чадвар шаарддаг төрөл л дөө. 

2018, 2019 оны Дэлхийн аваргын тэмцээнүүдэд миний бие энэ төрлийн аваргын алтан медалийг дараалан авч байлаа.


 Агаарт дүүжилчихсэн алганы хэмжээтэй алтан зоосыг салхинд хийсч байх мөчид нь асар хурдтай морин дээрээс харваж оноод гарах тэр үе надад өөрөөрөө үнэхээр бахархах мэдрэмжийг авч байсан. Морь, хүн хоёр бие, биедээ дасаад ирэхэд үзүүлбэр чанаржиж, төгсрөх хэлбэр рүүгээ ордог юм. 

-Таныг гаднынхан яагаад “Монгол бүргэд”, “Монгол Шумахер” гэж нэрлэсэн юм бол?

-Яг харвааны цаг эхлэхээс өмнө бид хоёр гараа сумандаа хүргэхгүйгээр давхиж ордог юм. Тэр үедээ хоёр гараа дээш өргөж байгааг маань бүргэдтэй зүйрлэсэн хэрэг. Харин “Монгол Шумахер” хочийг би Унгарт болсон тэмцээний үед авсан. 

Европ харваачид жаахан удаан темптэй морь унаж тэмцээнд оролцдог юм. Тэгээд олон сум гаргадаг. Харин манай монголчууд үргэлж “А” зэрэглэлийн хурдан морьдыг сонгож оролцдог. Би тэр тэмцээнээс нэгэн араб бор морийг сонгосон нь асар хурдтайн дээр сэтгэл хөнгөн морь байлаа. 

Харвааны, элстэй зам руу ороод л амыг тавихад тоос нь ард өрөөтэй үлддэг тийм хурдан хүлэг байсан. Унгар хөтлөгч тэгэхэд, “Одоо “Монгол Шумахер” гарах гэж байна” гэж зарлаад л, түүнийг тэгж зарлахаар үзэгчид шавж байв. Тийм хурдан морин дээрээс голчтой сайн харвахыг үзнэ гэдэг европуудын хувьд их өөр мэдрэмж байсан юм билээ л дээ. 



-Нүдэнд харагдаж байна шүү. Ингэхэд морь гэснээс, та бүхэн тэмцээнд оролцох морио хаанаас хэрхэн сонгодог юм бэ?

-Тухайн тэмцээнийг зохион байгуулж буй улс орон морио бэлддэг юм. Морьт харваанд морины хурд маш чухал. Секунд, долиор нөлөөлж оноонд нөлөөлдөг юм. Хурдтай байх тусам дагаад эрсдэл ч өндөр болно. Гэсэн ч монгол тамирчид тэмцээнд хамгийн хурдтайг нь л сонгож оролцдог. 


Спортод хүн бүх зүйлээ өгч байж л авдаг 


-Монгол морьдод онцлог, ялгаа бий биз?

- Улс орон болгоны л морь өөр байгаа. Манай монгол морьд морьт харвааны салбарт илүү тохиромжтой нь харагддаг. Хат сайтай, унаа, эдэлгээ сайн даадаг юм. Бусад оронд бол морио хашаад тусгай өвс тэжээлээр тэжээнгээ сургадаг бол манай морьд өөрсдөө бэлчдэг учраас хагас зэрлэг адуу гэсэн үг шүү дээ. 


-Морь их ухаантай амьтан гэдэг шүү дээ?

-Олон жилийн өмнөх нэг үйл явдал санаанд орж байна. Солонгосын “Грийн ресорт” гэдэг газарт бид циркийн үзүүлбэр үзүүлдэг байлаа. Тэнд Зааны нэртэй нэгэн морь байсан. Араар нь гарсан хүнийг хүнийг жаахан хайрчих гээд байдаг талтай. Манай нэг циркчин тайз руу гарах гэж сандрахдаа шатнаас сүр, сар гээд бууж иртэл Зааны ч цочсондоо яг өшиглөх гээд л хөлөө өргөж л дээ. Нөгөө циркчин маань Зааны руу “Хөөе” гэтэл өнөөх нь “бантсандаа” хөлөөрөө шууд суниаж байгаа юм шиг үйлдэл үзүүлсэн гэдэг. 

Морь тийм л айхтар ухаалаг амьтан байгаа юм. Хэдий амьтан ч гэлээ тухайн үеийн процессоо өөрчилж чадаж байгаа хэрэг. 


-Морьт харвааны спортод дурлагчдад зориулж та юу хэлэх вэ?

- Аливаа спортод хүн бүх зүйлээ өгч байж л авдаг даа. Хүч хөдөлмөрөө урсгахаас гадна бэртэл, гэмтэл гэх мэтээр хэлж ирэхгүй зүйлс тамирчин хүнд олон бий. Тэр бүхнийгээ даван туулаад үргэлжлүүлнэ гэдэг нь л тамирчин хүний мөн чанар юм уу.


- Морьт харвааны салбарт таны цаашид хийхийг хүсдэг зүйл юу байна вэ?

-Унгарууд шиг академик сургууль байгуулах хүсэл мөрөөдөлтэй явдаг. 





Холбоотой сэдвүүд

уранбүтээлч морин цирк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.