#1. Металл 3D хэвлэл 

3D-хэвлэл хэрэглээнд нэвтрээд удаж байгаа ч ихэвчлэн дизайнерууд эсвэл сонирхогчид ганц ширхэг бүтээгдэхүүн хэвлэхэд л ашигладаг байсан гэхэд хилсдэхгүй. Түүнээс гадна 3D-хэвлэлтэнд пластик материал ашигладаг байсан бөгөөд өөр төрлийн материал ашиглах нь үнэтэй байдаг байж.

Харин одоо металл 3D-хэвлэлийн өртөг багассан тул өргөн хэрэглээнд нэвтрэх боломжтой болжээ. Иймээс тус технологийн тусламжтайгаар салбарыг тэр чигт нь өөрчлөх боломжтой болж байгаа юм.

Description: https://leonardo.osnova.io/0183813f-f21d-6363-c5e8-f8175dbd5279/-/resize/680/-/quality/lightest/

Тухайлбал, автомашины эвдэрсэн эд ангийг үйлдвэрлэхийн тулд үйлдвэрүүд хэд хэдэн том төхөөрөмж суурилуулах шаардлагагүй, 3D принтерээр хэвлэхэд болно. Цаашдаа зөвхөн 1-2 төрлийн эд анги дагнан хийдэг том үйлдвэрүүдийн оронд олон нэр төрлийн эд анги хийж, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх чадвартай жижиг газрууд давамгайлах болно гэж таамаглаж байна. 

2017 онд Markforged компани металл дээр хэвлэдэг 100 мянган доллараас бага үнэтэй анхны 3D-принтерийг танилцуулсан. Харин General Electric компани том хэмжээтэй металл эд анги үйлдвэрлэх чадвартай принтерийг туршиж байгаа бөгөөд 2018 онд хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа аж.


#2. Хиймэл эмбрион 

Эрдэмтэд зөвхөн үүдэл эс ашиглан эмбрион ургуулах судалгаа хийж байна. Их Британи улсын судлаачдын туршсан өөр эмбрионы үүдэл эснээс хулганы эмбрион ургуулах туршилт амжилттай болжээ. Судлаачдын үзэж буйгаар лабораторт ургуулсан эмбрион нас бие гүйцсэн хулгана болж өсөх найдвар бага гэлээ ч эмбрион ургуулж чадсан явдал нь шинжлэх ухаан урагш ахин нэг алхам хийснийг нотлож байна. Харин дараагийн алхам бол хүний эмбрион ургуулах судалгаа байх ёстой гэнэ. Гэвч тус судалгааг эхлүүлэхээс өмнө ёс зүйн болон судалгааны явцад учирч болзошгүй олон асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна. 


#3. Сенсорт хотууд 

Alphabet холдингийн охин компани Sidewalk Labs Канадын засгийн газартай хамтран Торонтод Quayside хэмээх “ухаалаг” хот байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хотын гудамжинд суурилуулах сенсорууд агаарын чанар, дуу чимээний түвшингээс эхлэн оршин суугчид юу хийж байгаа талаар орчин тойрны мэдээллийг цуглуулна.Шинэ хотын тээврийн хэрэгсэл бүгд автомат жолоодлоготой байх бөгөөд хотын иргэн бүр ашиглах боломжтой юм. Шуудан зөөх гэх мэт хялбар ажлыг роботууд гүйцэтгэнэ. Sidewalk Labs компани гадны зохион бүтээгчдэд хотын системд нэвтрэх эрх олгох бөгөөд ингэснээр олон шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, турших боломжтой болох юм. 

Торонтод явуулж буй энэ туршилт амжилттай болбол тус компани ижил төрлийн тогтолцоог бусад хотуудад мөн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Төслийн ажлыг 2017 эхэлсэн бөгөөд, 2019 оноос хэрэгжүүлж эхлэх аж. 

Description: https://leonardo.osnova.io/b9383d9d-a70b-33f0-7b40-ad2adcccd9f7/-/resize/680/-/quality/lightest/


#4. Хиймэл оюун ухаан 

Хиймэл оюун ухааныг ихэвчлэн Amazon, Baidu, Google, Microsoft гэх мэт том компаниуд болон зарим старт-апууд л ашиглаж байна. Бусад компаниудын хувьд энэ төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх нь өртөг өндөртэй бөгөөд хөдөлмөр шаардсан ажил байдаг. 

Харин хиймэл оюун ухааны технологийг Cloud серверт нэвтрүүлснээр илүү олон компаниуд хэрэглэх боломжтой болох юм. Энэ төрлийн технологийг ашигласан  Amazon Web Services, Google Cloud, Microsoft Azure платформууд хэрэглээнд нэвтрээд эхэлчихсэн. 

Хиймэл оюун ухаанд суурилсан системийг одоогийн байдлаар технологийн салбарт түлхүү ашиглаж байгаа ч ойрын ирээдүйд анагаах, эрчим хүч, аж үйлдвэрийн салбаруудад нэвтрүүлэх боломж харагдаж байна. 


#5. Нейроны холбоосууд 

Хиймэл оюун ухааны таних алгоритм маш сайн ажилладаг - сая сая зураг дотроос зам хөндлөн гарч буй явган зорчигчийг төвөггүй олж чадна. Харин сэтгэн бодох чадваргүй тул зураг зурж чадахгүй. Явган зорчигийг өөрөө зурж чадахгүй гэсэн үг.  

Эрдэмтэд энэ асуудлын шийдлийг анх 2014 онд гаргаж ирж байсан. Generative adversarial network (GAN) нэртэй загвар технологт хоёр төрлийн нейроны холбоос багтана. Нэг нь өмнө нь харж байсан зураг дээрээс үндэслэн зураг зурдаг. Нөгөө нь зургийг хир бодит болсныг үнэлдэг. Энэ төрлийн холбоосууд зураг зураад зогсохгүй ярьж чадна. Сүүлийн үед улам олон компаниуд GAN технологийг турших болсноор технологийг улам боловсронгуй болгосоор байна. 


#6. Шуурхай орчуулга 

2017 оны намар Google компани Google Assistant туслагчийг суулгасан, 159 долларын үнэтэй Pixel Buds чихэвчийг танилцуулсан билээ. Чихэвчний тусламжтайгаар өөр хэлтэй хүнтэй харилцан ярилцах боломжтой болно. Нэг нь чихэвчийг зүүж, нөгөө нь Google Pixel ухаалаг утсыг ашиглах юм байна. Энэ үед Pixel яриаг Google Translate ашиглан хөрвүүлж чихэвч руу дамжуулна, мөн ижил аргаар нөгөө хүний хэлсэн үгийг өөр хэл рүү хөрвүүлэх аж. Ийм байдлаар нэг хэлээр ярьдаггүй хүмүүс төвөггүй харилцах боломжтой болж байгаа юм. 

Description: https://leonardo.osnova.io/1da5a88e-8338-7862-9d66-49a15fb29c57/-/resize/590/-/quality/lightest/

IOS, Android платформуудад зориулсан Google Translate-ийн функцийг идэвхжүүлснээр харилцан ярилцагчид хоорондоо ярьж, харин сервис автоматаар хэлийг таньж орчуулах болно. Апп-ын ажиллагааг доголдуулдаг гол хүчин зүйл бол эргэн тойрны дуу чимээ. Дуу чимээтэй орчинд хэл таних хүндрэлтэй болж, хэлсэн өгүүлбэрийн эхлэл төгсгөлийг ялгахад хэцүү байдаг аж. 

Pixel Buds-ийн хувьд энэ асуудлыг товчлуураар шийдэж өгчээ. Хүн ярьж байгаа үедээ товчлуурыг дарж, ярьж дуусаад товчлуураас гараа авна. Цаашид Google компани орчуулагч-чихэвчний дизайн дээр ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна. 


#7. Нүүрстөрөгчгүй байгалийн хий 

Байгалийн хий бол эрчим хүчний хамгийн хямд, олдоцтой эх үүсвэр. Байгалийн хий нүүрснээс илүү “цэвэр” ч гэлээ агаар мандалд асар их хэмжээний хаягдал гаргадаг. 

8 Rivers Capital, Exelon Generation ба CB&Iзэрэг Америкийн гурван компани байгалийн хийнээс эрчим хүчний “цэвэр” эх үүсвэр гаргаж авах төсөл дээр хамтран ажиллаж байгаа юм байна. Судлаачид түлш гаргаж авах явцад бүх бохирдуулагч элементүүдийг шингээж авдаг Net Power технологийг туршиж байгаа аж. Уг технологийг 3-5 жилийн дараа гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. 


#8. Цахим орчин дахь нууцлал 

Zero knowledge proof протоколын тусламжтайгаар цахим орчинд хувийн нууцыг хадгалах боломж нээгдэж байна. Энэхүү протоколыг ашигласнаар ямар нэгэн хувийн мэдээллээ задруулахгүйгээр мэдээлэл дамжуулах боломжтой болно. Тухайлбал, төрсөн өдрөө мэдэгдүүлэхгүйгээр 18 нас хүрсэн гэдгээ батлах юм. 

Энэ системийг Zcash цахим мөнгөний блокчейн-төсөл аль хэдийн хэрэгжүүлээд эхэлчихжээ. Ethereum платформын зохиогч Виталик Бутерин Zcash-ийг зах зээлийг өөрчилж чадахуйц технологи гэж мэдэгджээ. 


#9. Урьдчилан таамагладаг генетик 

Төрөх эмнэлгээс гарахад эцэг эхэд нь нярайн геномын дэлгэрэнгүй тайлбар бүхий карт өгдөг болох өдөр удахгүй ирнэ. Картанд тухайн хүүхэд ирээдүйд тусах өвчин, хавдар, харвалт өгөх эсэх тухай мэдээллийг багтаасан байна. 

Өнөөдөр дэлхий даяар олон компани ДНХ-тестийг гүйцэтгэж байгаа ч тэдний таамаглал тийм ч нарийн биш байдаг. Тэд зөвхөн аль нэг өвчин тусах магадлал байгаа эсэхийг таамагладаг. Гэхдээ магадлал багатай байсан хүн ч өвчин тусах бүрэн боломжтой. Удахгүй ДНХ-тест дэлхийн иргэн бүрт нээлттэй болно гэдэгт итгэлтэй байна. 


Description: https://leonardo.osnova.io/16996784-bfe0-e19e-fa23-15c688536647/-/resize/590/-/quality/lightest/


#10. Квантын компьютер 

Квантын компьютерүүд одоогийн технологийн хийж чаддаггүй тооцооллыг хийж чаддаг болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ төрлийн технологи 5-10 жилийн дараа гарч ирэх ч хүмүүс одоохондоо ийм өндөр хүчин чадалтай компьютерийг аль салбарт ашиглахаа сайн мэдэхгүй байгаа юм. 

Химичид квантын компьютерийг тэсэн ядан хүлээж байна. Учир нь молекулуудыг энгийн компьютер дээр загварчлах тун хэцүү байдаг аж. Квантын тооцолол нэвтэрснээр судлаачид илүү үр дүнтэй эм, бэлдмэл зохион бүтээх боломжтой болно.