Дэлхийн хамгийн өндөр гүүр Хятад улсад сүндэрлэлээ

Н.Жавхлан
09 сарын 29, 2025

Өнгөрөгч ням гаригт Хятадын Хуажянгийн их хавцалд шинэхэн гүүр албан ёсоор нээлтээ хийлээ. Гурав гаруйхан жилийн хугацаанд баригдсан тус гүүр нь дэлхийн хоёр ч дээд амжилтыг тогтоогоод буй. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн өндөр гүүр болохын сацуу дэлхийн хамгийн том, өргөн уулын гүүр болж байгаа аж. 

Тус гүүрний нийт урт нь 2890 метр, төв зай нь 1420 метр бөгөөд Гуйжоу мужийн Бейпан голын хавцлаас дээш 625 метрийн өндөрт өргөгджээ. 

Энэхүү гүүр баригдсанаар бүс нутгийн холболтыг сайжруулж, аялагчдын хоёр цаг тойрох замыг хоёрхон минут болгон ойртуулаад байна. 

Мөн энэ байгууламж нь шинээр ашиглалтад орсон Люжи-Анлун хурдны замын гол хэсэг юм. Тус мужийн тээврийн газрын дарга Жан Инь AFP-д ярьснаар, “энэхүү гүүрний нээлт нь бүс нутгийн тээврийн нөхцөлд асар том дэвшил авчраад зогсохгүй эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон өөрчлөлт оруулж байна” гэжээ. 

Уулархаг энэ мужид маш олон гүүр байдаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр 100 гүүрийн бараг талыг нь багтаадаг гэж Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Зураг
Тайлбар




Түүнчлэн энэхүү гүүр нь зөвхөн зам тээврийн хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна Хятадын аялал жуулчлалын салбарт маш том хөрөнгө оруулахаар байгаа аж. Уг гүүрийн зураг төсөлд зорчигчдод зориулсан 207 метрийн өндөрт хүрэх аялал жуулчлалын лифт, үзвэрийн талбай, тэнгэрийн кафе зэрэг шийдлүүд багтсан нь үзэсгэлэнтэй гүн хавцлыг харах боломжийг олгох юм. 


firstpost.com

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.