НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Их Британийн “Cambridge Analytica” компанийг тойрсон дуулиан шуугиантай холбоотойгоор “Фэйсбүүк” компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ тухай Калифорни муж улсын холбооны шүүхийн цахим мэдээллийн санд тавигдсан баримт бичигт дурджээ.

Нэхэмжлэлийг Фан Юан гэдэг хөрөнгө оруулагчийн нэрийн өмнөөс болон өмнө нь “Фэйсбүүк” компанид хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн алдагдал хүлээсэн байж болзошгүй бүх хүний нэрийн өмнөөс гаргажээ. Сүүлийн хоёр өдөр “Фэйсбүүк” компанийн хувьцааны үнэ 7-с илүү хувиар унаад байна.
 
Уг нэхэмжлэлд “Фэйсбүүк” компани худал аль эсвэл төөрөгдөлд оруулсан мэдэгдэл хийсэн. Түүнчлэн хэрэглэгчийнх нь зөвшөөрөлгүйгээр хэдэн сая хүний хувийн мэдээлэлд нэвтрэх боломжийг гуравдагч талд олгосноороо хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой дүрмээ зөрчсөн” гэжээ. Мөн уг нэхэмжлэлд тус компани хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр олгох тухай дурдсан хэдий ч нөхөн төлбөрийн хэмжээг заагаагүй байна.  
 
Их Британийн “Cambridge Analytica” компани “Фэйсбүүк” олон нийтийн сүлжээний 50 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, сонгуульд ашигласан тухай “The New York Times” өмнө нь мэдээлж байсан юм.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг