Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг.

Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм.