Энэ сарын 17-нд Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд өөрчлөлт оруулж, гадаад паспортыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс захиалах боломжтой болгосон. Гэвч иргэд энэ талаар мэдээлэлгүй байгаа учраас хуучин гадаад пасспортыг сунгахгүй, шинээр авахтай холбоотойгоор Иргэний бүртгэл мэдээллийн төвд урт дараалал үүсгэжээ. Өмнө тус байгууллагад өдөрт 800 гаруй хүн ханддаг байсан бол сүүлийн хэдэн өдөр 1300 орчим иргэнд үйлчилж байгаа аж.   Мөн буруу мэдээлэл авсан иргэд ачааллыг нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй. 

Хэрэв та гадаад пасспортоо захиалах бол очерлож дугаарлахгүйгээр Дүнжингарав, Драгон, Мишээл төвүүдээс гадаад паспортаа захиалах боломжтой гэнэ. 

Тухайлбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээл төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй. Бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм. 

Захиалсан гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр “Монгол шуудан” компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтой. Үнийн хувьд онлайнаар төлөх бөгөөд энгийн гадаад пасспорт 32500, яаралтай захиалга өгвөл 10 мянган төгрөгийн үйлчилгээний хөлс нэмэгддэг юм байна.