Эдийн засагч Да.Ганболдтой ярилцлаа.


Монголын хүн амын 90 хувиас нь шинэ юм сонсох боломж тун бага   


-Та өглөө хэдээс сэрдэг вэ?

-Янз бүр. 


-Ихэвчлэн?

-Улстөрийн амьдралаар нэлээд олон жил явчихсан болохоор жаахан задгай горимтой. Шөнө гурав дөрөв хүртэл унтахгүй өдрүүд бий. Үүр цайлгах ажил ч гарна. Шаардлага гарвал хар үүрээр босох тохиолдол  бий. Ер нь долоо, наймаас 11 цаг юм болов уу. Яг тогтсон цаг сүүлийн хоёр, гурван жилд бараг байхгүй. 


-Өдөрт хэдэн цаг ажиллаж байна?

-Зургаагаас долоон цаг унтаад бусдад нь ажилладаг.  


-Сөхөж харах дуртай ном?

-Ихэнхдээ эрчим хүчтэй холбоотой ном харна. Нефть, хий, газ, ус гээд. Эрчим хүч, экологи, уул уурхайн салбарын хөгжилтэй хамаатай номнууд зонхилдог. Дан гадаад хэлээр. Харамсалтай нь монгол хэлээр тийм ном гардаггүй юм. 


-Яг одоо ямар ном барьж аваад байна?

-”Нефтийн үнэ” гэсэн ном уншиж байна. Итали хүний бичсэн ном. 


-Ямар банкаар үйлчлүүлдэг вэ?

- Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлдэг.  


-Унадаг машин?

-”Nissan patrol”. 


-Амьдардаг сууцаа сонирхуулаач?

-Орон сууцтай. Гэхдээ жилийн жаран хувьд нь  Гацууртад барьсан дүнзэн байшиндаа амьдардаг.  


-Хоолондоо өдөрт хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Хэлбэлзэнэ дээ. Огт мөнгө зарахгүй өдрүүд бий. Ганцаараа хоол идэж бараг л үзээгүй. Лав хорь гучин жил ганцаараа өдрийн хоол идсэн удаагүй. Дандаа олуулаа иддэг учраас жаахан өндөр талдаа. 30, 40 мянган төгрөгөөс буудаггүй. 


-Та твиттерт харагддаггүй. Ер нь жиргээ хардаг уу?

-Үгүй. 


-Фэйсбүүкэд?

-Байхгүй. Хэрэггүй эд гэж боддог. Гэхдээ facebook нийгэмд хэрэггүй гэдэг утгаар биш шүү. Надад хэрэггүй гэсэн утгаар хэлж байгаа юм. Түүнээс биш facebook, twitter чинь дэлхийн нийтийн хөгжлийг пуужин шиг цойлуулсан том дэвшлүүд. 


-Харилцдаг экспертүүд?

-Асуудлаасаа болно. Эрхэлж байгаа үндсэн ажлаас шалтгаална. 


-Мэдээлэл авдаг эх сурвалжууд?

-Сонин харна. Гэхдээ байнга биш. Сайт, телевиз гээд яривал их бага хэмжээгээр мэдээлэл сонирхоно. Гаднаас бол Оросын хэвлэлээс оригоор нь захиалдаг. Сэтгүүлээс гэхэд “Эксперт”, “Власть”, “Деньги” гээд хэд хэд бий. Youtube-ээс юу дуртайгаа хардаг болчихсон учраас гадны хардаг сайт гэхээр онцгойлох юм алга. Телевизээс зөвхөн мэдээ үздэг. Дотоодоос Eagle, MNB-г хэн хаашаа явав, юу амжуулав гэдэг хавьцаа л хардаг. Гаднаас Оросын албан ёсны нэг, хоёрдугаар сувгийг сонирхоно. Гэхдээ зөвхөн мэдээ харах гэж. Өглөө, оройд тав таван минутаас илүүг зарцуулахгүй. 


-Youtube-д хэр цаг зардаг вэ?

-Өдөрт хоёроос гурван цагийг зарцуулчихдаг. 


-Үгийг нь тогтож сонсдог улстөрч байна уу?

-Нэг их ам, эрүүгээ унжуулаад сонсоод байдаггүй дээ. Гишүүн байхдаа ч сохроор сонсдоггүй байсан. Зарим хүн гомдож магадгүй. Гэхдээ Монголын хүн амын 90 хувиас нь шинэ юм сонсох боломж бага байдаг юм.  


-Таны хариултаас анзаарахад улстөрчид лав үгийг нь сонсдог арван хувьд багтахгүй нь шиг байна. Тэгвэл үгийг нь сонсч болох арваад хувь хаана байна вэ?

-Хийж чаддаг юмаа хийгээд, улстөрөөс гадуур амьдардаг хэсэг. Инженерүүд, урлаг, спортынхон, янз бүрийн хоббитой хүмүүсийн үгийг сонирхон сонсч авахаа авдаг.  Мэдээж санаа бодлоо ярьдаг улстөрчид бий. Тухайн үед тодорхой нэг асуудлаар  ярих сэдэв үүсчихсэн бол анхаарч харна. Өнөөдөр эрхэлж байгаа ажил, хоолтой минь хамаатай асуудал гарсан цагт тухайн асуудлаар ярьсан сайд, улстөрч, ер нь хэний ч үг  сонин. 




Зээлийн хүүг банкны эзэд, улстөрчдийн сонирхлоор ярьж болохгүй 


-Банкныхан томорчихож, улстөрчидтэй нийлж байгаад юмыг хааш нь бол хааш нь эргүүлж байна гэсэн шүүмжлэл давтамжтай сонсогдох болж. Хүүлэлтийн эсрэг хууль яриад эхэлчихсэн.  Банкны хүү өндөр байгаа нь үнэн, буувал хэн ч баярлах нь тодорхой. Нөгөө талд банкныхан хүү буурахгүй бодит шалтгаанууд нь гээд баахан тайлбар хэлдэг. Ер нь энэ асуудлыг яаж шийдмээр юм бэ дээ, эдийн засаг талаас нь...?

-Юмыг өргөнөөр, иж бүрнээр нь харж сурмаар байгаа юм. Шууд зөв буруу гэж хэлэх аргагүй. Эдийн засаг гэдэг чинь  хэдэн арван мянган хүчин зүйлтэй. Эдийн засгийн холбогдолтой шийдвэрийн үр дүнгүүд гэнэтхэн маргааш нь илэрдэггүй, арав хорин жилийн дараа  гарах нь ч бий.  Тиймээс ямар ч том шийдвэрийг зөвхөн сайн муу гэж дүгнэж болдоггүй. Хэний талаас хэний нүдээр харж ямар горьдлого хүлээж байна вэ гэдэг талаас нь харж хариулах учиртай. 

Гэр бүл болгон, орон сууцанд орохыг хүсдэг залуу гэр бүлүүд, шинээр бизнес эхлээд зээл авах гэж яваа хүн бүр банкны хүүг сонирхдог. Хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл яригдлаа  гэхэд банкны хүү сонирхож буй хүмүүсийн үүднээс үү, байшин барилгаа борлуулъя гэж бодож яваа барилгын компаниудын сонирхлоор уу, эсвэл улстөрийн хамаарал нөлөө орж уу гэдэг талаас нь хармаар санагддаг. Сүүлийн үед Эрдэнэтийн  49-тэй холбоотой асуудал олны анхааралд байгаа.  Том  бизнесийн, том шийдлийн ар талд банкны бүлгүүд байна, энэ бүлгүүд нь даварсан байна гэдэг маягаар эдийн засгийн бололцоог нь хазаарлая багасгая гэсэн санааны үүднээс хуулийн төсөл боловсруулаад зүтгүүлсэн үү гэх мэт олон өнцгөөс харах учиртай. Ингээд харахаар  хуулийн төслийн санаа оролдлого маш олон өнгө аястай болоод ирж байгаа биз. 


-Тэгвэл банкны хүүг бид аль өнцгөөс нь харж ярих ёстой гэж та бодож байна?

-Монгол гуравхан сая хүн амтай. 30  гаруйхан мянган компанитай. Тэдний талаас цөөхөн нь өдөр тутмын байнгын үйл ажиллагаа явуулдаг. Арай орчин үеийн данс тайлантай, дэлхий нийтийн соёлтой туршлагыг бусдаасаа түрүүлж нэвтрүүлж хэвшүүлж яваа компаниудын олонхид нь  илүү ач тустай байх ёстой  гэдэг үүднээс ярих учиртай болов уу. Тэрнээс биш цөөхөн тооны банкны эзэд, бүх шатныхныг нь оруулаад хэдхэн мянган ширхэгээр тоологдох улстөрчдийн сонирхлыг төлөөлж ярих учиргүй. Олонхийг нь  хамарч ярих ёстой байх. Тэр үүднээс яривал банкууд нэгдүгээрт хүүгээ тогтвортой байлгах хэрэгтэй.Мөн олон сар жил ярьж байж нийтэд ил тодоор зарладаг байх ёстой.  

-Зээлийн хүү буурвал бизнес өргөжөөд эдийн засаг тэлнэ, хөгжинө гэсэн байр суурь хэр бодитой бол?

-Манайд олон юм ажиглагдаж байна. Хувьчлах ёстой олон салбарт хувьчлал бүрэн явагдаагүй. Үнийг бүрэн чөлөөлөх ёстой байсан өчнөөн бараа үйлчилгээний үнэ тарифийг чөлөөлөөгүй. Тэр бүхэндээ арга хэмжээ аваагүй байж зөвхөн зээлийн хүүгээр дамжуулж эдийн засгаа эрүүлжүүлнэ гэдэг бүтэшгүй санаа. Зарим улс оронд  бизнестэй хамаатай  шийдвэрүүдийн нэлээд хэсгийг төрийн бус юм уу, мэргэжлийн байгууллагууд руу шилжүүлсэн жишээнүүд бий. Гэтэл манайд төрөөс хувьд очих ёстой маш олон эрх үүрэг төрд хадгалаастай хэвээр байгаа. Тэр бүхнээ шийдээгүй хэр нь зөвхөн хүүгийн аргаар шийднэ гэдэг өрөөсгөл ойлголт л доо. Зөвхөн хүүгийн бодлогоор эдийн засгийн зарим нэг үр дүнг горьдож шийднэ гэвэл хандлагын хувьд дутуу, учир дутагдалтай.  

-Р.Амаржаргалтай яг энэ сэдвээр ярилцаж байхад банкны салбар руу чиглээд эхэлсэн улстөрчдийн сонирхлыг баялгийн дахин хуваарилалтын нэг хэлбэр гэсэн нь  нэлээд бодитой тайлбар шиг сонсогдсон?

-Зорилго нь юу вэ гэдгийг тод томруун хэлээгүй хэрнээ ямар нэгэн юм хийх нь  эргэлзээтэй гэж яриад суугаа маань энэ л дээ.


-Өмч хувьчлалаас  бялуу хүртэж чадаагүй хэсэг улстөрч нэгэнт хөл дээрээ босчихсон салбарууд  руугаа дайраад эхэлсэн гэсэн хар үнэн бол хэцүүхэн л санагдаж байна?

-Тийм учраас л би хэнд ашигтай юм бэ гээд байгаа юм. Зарим нэг хүн цаанаа өөр хожил хараад өнгөн дээрээ ард түмний төлөө гээд явдаг тал бий. Ер нь ямар ч хуульд  тодорхой зорилго байдаг. Тийм байтал энэ хууль бүхэлдээ манай эдийн засгийг эрүүлжүүлнэ гэсэн хэнд ч ойлгомжгүй ерөнхий үг хавчуулдаг. Ард түмний өмнөөс гэдэг бол  тодорхой шалтгаан биш. Зээл авалт ийм байна, буцаан төлөлт тийм болж, эдийн засаг төчнөөн хувиар өслөө, баян ядуугийн зөрүү ийм болчихлоо гэх мэт тодорхой зорилтуудыг тавих ёстой.  Тэгээд олон сар жилийн статистикийн судалгаануудыг харьцуулаад тайлбарладаг байх учиртай. Мэдээж  100 хувь санал нэгдэх хүн Амаржаргал, Ганболдоос өгсүүлээд байхгүй. Олон хүний дунд гэж ярихад 6-7 нь зөвшөөрвөл арай өөр зураг харагдана аа даа. Тийм байвал ядахдаа олонхи зорилт нь нийтийн бодолтой нийцэж байна гэж хэлж болох. Гэтэл тийм юм огт байхгүй. 



 Социализмаас капитализм руу орох шилжилт өнөөдөр ч дуусаагүй


-Монголбанкны ерөнхийлөгч өнгөрсөн намар активийн чанарын үнэлгээ хийлээ, тодорхой хугацааны дараа банкууд санхүүжилт татаж чадахгүй бол төр хөрөнгө оруулахад бэлэн гэсэн үг унагаж байсан. Саяхан банкууд хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаатай  үүрэг авчихлаа. Төр банкны салбарт нөлөөллөө тогтоох нь, валютын сангаар дамжуулаад дахин хуваарилалтаа хийх нь гэсэн харыг баталсан алхам гэж харах хүн цөөнгүй байна. Та юу гэж бодож байна?

-Миний тасралтгүй ярьсаар яваа нэг сэдэв бий. Хувьчлал бүрэн дуусаагүй, үнэ тарифийн либериалчлал, үнэ тарифийг чөлөөлөх асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй.  Миний хувьд шилжилт дуусаагүй гэж үздэг. Социализмаас капитализм руу орох шилжилт дуусаагүй гэсэн үг. Шилжилт удааширдаг гол шалтгаан нь хүний толгой, сэтгэлгээ, харьцаанд байдаг. Өнөөдөр би  тодорхой хүрээнд өөрийн шүүмжлэлийг өрнүүлж байгаа. Өөрийн гэдэг нь улстөрийн утгаараа. Жишээ нь манай Ардчилсан намынхан, одоо засаг барьж буй Ардын намынхан аль аль нь үзэл баримтлалын төлөө үйл ажиллагаа явуулахгүй байна. Баруун,  зүүний баримтлалаа ялгахаа больсон. 


-Аль ч нам нь баримтлах ёстой чигээ  мэдэхгүй яваа гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Хууль баталж байгаа гишүүд нь ямар ч ойлголтгүй гэж хэлвэл гомдоно. Том утгаараа нөгөө нам СоцИнтернийн гишүүн. Манайх бол Олон улсын ардчилсан холбооны гишүүн. Уг нь баруунтан байх учиртай нам. Нөгөөх нь зүүнтэн байх ёстой нам. Гэтэл зүүн, баруунаа аль аль нь мэддэггүй. Яг өдөр тутмынхаа ажил дээр, хууль хэлэлцээд санаачлаад батлаад гаргах дээрээ зүүн баруун гэдгийнхээ учрыг ухаж мэдэхгүй байна л даа. Тэр утгаараа өнөөдөр төрийн оролцоог нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээ болгон Үндсэн хуулинд харш. Тийм учраас том бодлого, философи үзэл санаа талаасаа буруу арга хэмжээ.

Эрүүлжүүлнэ гэдэг төрд авахыг хэлж байгаа юм биш. Хяналтаа сайжруулах хэрэгтэй. Муу ажилласан байгууллагууд нь дампуурах ёстой. Тэр үед нь иргэдийг яаж хохиролгүй үлдээх вэ гэдэгт л  төр анхаарах ёстой. Гэхдээ иргэд буруутай байх тохиолдол бий. Ломбарданд хамаг юмаа тавиад маш өндөр хүүтэй зээл авчихсан хэрнээ банкнаас зээл аваад эргэн төлөлтөө хийдэггүй.  Банкууд ломбарданд хамгаа тавьсныг нь мэдэхгүй зээл өгчихдөг. Нэг тийм битүү тойрог үүссэн байх нь бий. Тийм учраас л яг хаана нь ямар асуудал байгааг олж харж, өвчнөө оношлох ёстой гээд байгаа юм. Төрийн болгох гээд байгаа  явдал бол зүгээр л нэг улстөрийн хүчний улстөрийн хүчээрээ дамжиж эдийн засгийн хүчний дахин хуваарилалт хийх гэж байгаа арга хэмжээ болоод байна л даа.  Монгол улсыг хөгжүүлье гэсэн зорилго нь 27 дахь нь болж үлдчихээд байна. 

-Улс орнуудыг харах нь ээ хүчтэй дундаж давхаргатай нь илүү хөгжөөд байгаа анзаарагддаг. Дундаж давхаргаа дэмжсэн бодлого ипотекоос хэтрээгүй. Гэтэл ипотекоо бас хумьчихлаа. Жишээ нь танай нам засаг барьж байхдаа дундаж давхаргаа яаж дэмжсэн бэ?

-Өмч хувьчлал бол хамгийн том дэмжлэг. Дундаж давхаргыг дэмжсэн бодлого сул гэдэгтэй тантай санал нэг байна. Гэхдээ та шалтгаан үр дагавар хоёроо хольж асуугаад байна. Нийгмийг гол төлөв пирамидаар зурдаг. Суурь нь жирийн иргэд. Иргэд эрх мэдлээ дөрвөн жилд нэг удаа сонгуулийн үеэр гаргадаг. Пирамидын дээр байгаа 76 нөхрийн баталсан хуулийн дагуу  жирийн иргэд нь  амьдардаг.  76-д номгүй боловсролгүй, хэлгүй мэдлэггүй, туршлагагүй хүн олонхи болчихвол Мозамбик шиг л шийдвэр гарна. Хариуцлагыг  нь ард түмэн өөрсдөө хүлээдэг. Гэтэл тэрийгээ ч ухаж ойлгодоггүй.  Тийм учраас тээр дээр  том нударгатай морь уядаг, наадам концерт зохиодог хэд нь байнга сууж байдаг. Мэргэжил гайгүй, дуу цөөтэй юм хийдэг хэсэг нь доор нь байх жишээний. Сүүлийн үед бүр номгүй боловсролгүйгээрээ бахархдаг болчихлоо. 


-Тэгвэл манайд хүчтэй дундаж давхарга байна уу?

-Байхгүй. 


-Хүчтэй дундаж давхаргатай болохгүй  гэсэн бодлого  улстөрчдөд байдаг юм биш үү?

-Өөрийн санаагаараа би хүчтэй дундаж давхаргыг байгуулахгүйн төлөө ажиллана гэдэг хүн байхгүй.  Тийм учраас наад зах нь баруунтанууд ямар аргаар дундаж давхаргаа хүчирхэгжүүлэх ёстой юм, зүүнтнийх нь бодитой гарцууд юу юм гэдгийг гаргаад өгчихсөн ганц хоёр ном уншсан байх ёстой л доо. Хүчтэй дундаж давхарга байхгүй учраас дуучин нь дуучнаа, тамирчин нь тамирчнаа, бизнес нь бизнесээ хийхгүй төр рүү тэмүүлээд байгаа юм.  

-Төр бүх юм руу ороод байхаар УИХ-ын гишүүн болох гээд зүтгээд байна гэж үү?

-Ерөөсөө л тэр. Англи, Америкт улстөр хийхгүйгээр хангалуун амьдарч болоод байна. Дундаж давхарга гэдэг чинь  дуртай ажлаа хийгээд өөр юм руу саармагжилгүй амьдарч чаддаг хүмүүсийн л төлөөлөл. Тэдэнд хэн нэгнийг гуйж арын хаалгадах шаардлага байхгүй. Гэтэл манайд ямар нэг асуудал гарахад таньдаг хүн хайгаад давхичихдаг. Хуучны, социализмын арга барил хандлага хэвээрээ байна. Өөрийнхөө хүмүүсийг дээш нь гаргавал амьдрал нь сайжирна гэсэн философитой. Ядуу, гуйлгачин хүмүүсийн сэтгэлгээ л дээ.  Би мэргэжилдээ сайн юм чинь тэр эмч ч сайн байх ёстой гэж автоматаар сэтгэдэг хүмүүс олшроод ирвэл тэр чинь дундаж давхарга. Тийм бол Ерөнхийлөгч нь Трамп байна уу, Баттулга байна уу хамаагүй шүү дээ. 



Монголын ядуурал классик ядуурал биш


-Хүчтэй дундаж давхаргагүй өнөөг хүрсэн хамгийн том шалтгаан нь таныхаар юу вэ?

-Баруунд үнэ чөлөөтэй учраас улстөрөөс хамаарал багатай амьдраад байдаг юм. Дуугаа дуулаад пянз бүрээс нь таван доллар очоод байхад  Трампийн оронд суух гэж зүтгэх шаардлагагүй. Манай улсын хувьд  урлагийнхан  зах зээлийн зарчмаар ажиллаад эхэлчихсэн.  Спортоос үндэсний бөх тэр зүг рүү нэлээд дөхсөн. Өөрөөр хэлбэл төрөөс ямар нэгэн оролцоогүй юм гайгүй яваад байна. Бид хорин жилийн өмнө хоёр саяулаа байсан. Одоо гурван саяулаа. Цахилгааны хэрэгцээ улам нэмэгдээд байхад аль 90 оноос өмнө ярьж эхэлсэн цахилгаан станцуудын сураг одоо ч алга.  Төр хийдэг учраас бүтдэггүй. Гэтэл барилгын салбар огцом өөрчлөгдсөн. Барьсныхаа дараа зарах асуудал дээр л гацаад байна. Иргэдэд зээлийг нь өгөхгүй, амьжиргааг нь сайжруулахгүй, хийж чаддаг юмных нь хөлсийг өгч чадахгүй болохоор хүмүүс барьсан байрыг нь худалдан авч чадахаа байчихаж байна. Ийм иргэдтэй үед дундаж давхарга ярихад хэцүү. 


-Том төслүүдийн хөдөлж өгдөггүй  гол шалтгаан нь юм бүхэнд оролцох сонирхолтой төрийн оролцоо гэж харах эдийн засагч олон байдаг. Төрийн оролцооноос болоод гадны хөрөнгө оруулагч орж ирдэггүй, гадны том мөнгөгүй учраас төслүүд амилахгүй байгаа нь бодит үнэн л дээ. Арай гэж хөдөлгөсөн Оюу толгой хүртэл эргэж буцсан улстөржилттэй яваа...?

-Ганц л үнэн бий. Оюу толгойн ачаар сүүлийн арван жил хэдэн хувийн өсөлтөө хангаж чадаж байгаа. Улсад өгдөг татвар нь хамгийн өндөр болсон. Зарим нэгэн гэрээ хэлэлцээрт  Монголд хохиролтой зүйл байна гэдэг.  Эцсийн дүндээ тийм гэрээ хийсэн хүмүүсийн мэдлэг чадварын л асуудал. Тугтай сүлдтэй тусгаар улс юм бол, 100 гаруй жилийн түүхтэй, дэлхийн ихэнх том улсад  салбартай, олон юмыг олон талаас нь бодож чаддаг компанитай гэрээ хийх гээд явж байгаа юм бол тэр дайны мэдлэг туршлагатай хуулийн компаниас зөвлөгөө авч хийх ёстой биз дээ.  Тийм байтал зүгээр нэг цээжний пангаар “Би мэднэ, морь уяхаас илүү юм юу байдаг юм” гэж бодоод гэрээ хийгээд алдаж байгаа бол хэнийг буруутгах юм. Гэрээ бол гэрээ. Харин ч бид дутуу зохицуулсан, огт зохицуулалтгүй үлдээсэн, хоёр давхар утгаар уншиж ойлгож болох байсан маш олон зүйлийг шийдэж өгсөн. Оюутолгойн төсөл жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэн долоо найман жилийг бүхэлд нь харвал өнөөдрийн олон барилга, Монголд жаахан өнгөтэй өөдтэй гэж үнэлэгдэж болох бүх юмны 70-80 хувь нь энэ төслийн ач. Түүнээс өмнөх 20, 30 жилд Эрдэнэт тийм байсан. 70-аад онд хийсэн гэрээнд  нь  дутуу юм өчнөөн байсан. Бид ерэн онд зассан. Засах юмыг цагт нь засаад явдаг болохоос Цэдэнбал Бережневтэй нийлээд муу гэрээ хийжээ гэж сүржигнэх шаардлага угаасаа байхгүй. Оюу толгойг ч гэсэн өнөөдөр зөв ойлгох ёстой. Зарим юм нь болохгүй бол нөгөө талдаа зөв ойлгуулах хэрэгтэй. Шаардлага нь зөв эрүүл бол хэн ч хэлэлцээрийн ширээний ард суугаад ярилцана.

 Орос, Энэтхэг, Америк шиг хүн ихтэй том улс хоцорсон ч дэвшсэн ч энерци ихтэй байдаг учраас огцом юм хийхэд хэцүү байдаг. Харин Монгол шиг энерци багатай улс өөр. Улстөрийн системийг 90 онд харьцангуй огцом сольж чадсан нь ийм учиртай. Энэ бол жижиг улсын давуу тал. Жижиг улс учраас том улсын баргийн хийж чадахгүй том өөрчлөлтийг 20-хон жилийн дотор хийж чадсан хэрэг. Тэгэхээр бидэнд гуравхан сая хүнээ ядуурлаас гаргая гээд зүтгэвэл Энэтхэг шиг том зовлон бэрхшээл байхгүй. Зарим нэг буурай оронд байдаг түгээмэл өвчний ихэнх нь Монголд байдаггүй. Ядуурал нь гэхэд л классик ядуурал биш. Хоол хүнсний хувьд хангалттай улс. Ерөнхий боловсрол гэхэд л хуучин нийгмээс өвлөж авсан асар том зүйл байна. Бүгд бичиг үсэг, ном боловсролтой. Гэтэл Африкийн буурай улсуудад боловсрол  маш том асуудал хэвээр байгаа. Ийм суурь, давуу тал дээр өөрчлөлт хийх  нэг том бололцоо нь үнэ тарифийг чөлөөлөх. 

Бас нэг анхаарах асуудал бий. Гадны хөрөнгөгүйгээр Монгол улс огцом хөдөлгөөн хийж чадахгүй.  Оюу толгой хамгийн том нотолгоо. Социализмын үед Эрдэнэт том нотолгоо байсан.  ЗХУ-ын асар их хөрөнгө оруулалт тэгж л орж ирсэн. Монголын  газар дор байсан протенциалыг хойд хөршийн мөнгөөр  бодит бололцоо болгосон юм. Гуравхан сая монголчуудын  бүтээж босгосон мөнгө Оюутолгой,  Таван толгойн цахилгаан станц шиг том төслүүдийг хөдөлгөх хэмжээнд хүрээгүй. Харин хүн амын маань  дийлэнх  та бид хоёрын түрүүн ярьсан хүчтэй дундаж давхарга руу шилжиж, бүгдээрээ хэлтэй устай, боловсролтой болж, дээшээ төр рүү тэмүүлэх биш чаддаг юман дээрээ удаан  ажиллая гэж бодсон хүмүүс зонхилбол гадны хөрөнгөний хэрэгцээ зугуухан багасч эхэлнэ. Тэгвэл дотроо олон талаараа  зугуухан хөгжөөд явж болно. Энийг чинь баруунтны үзэл гээд байгаа юм.