Цэдэнбалын Цэрэндолгор
01 сарын 23, 2026
Жирийн нэгэн монгол залуугийн мөрөөдлөөс эхэлсэн кофены брэнд өнөөдөр Зүүн Өмнөд Азийн зах зээлд амжилттай нэвтэрч, Nestlé, Nescafé, Wonda, Starbucks зэрэг дэлхийн брэндүүдтэй өрсөлдөж байна.
Энэхүү брэндийн үүсгэн байгуулагч нь Даваанямын Батзаяа юм.
Түүний үүсгэн байгуулсан Aseana Trillions Sdn Bhd компани Малайзад бүртгэлтэй бөгөөд үйлдвэр нь Вьетнамд, төв оффис нь Куала Лампурт, борлуулалтын салбар нь Брунейд үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн ойрын хугацаанд Тайландад шинэ оффисоо нээхээр төлөвлөж буй.
Энэ удаагийн Peak.mn-ийн “Зочны булан”-д бид Aseana Trillions Sdn Bhd компанийн ТУЗ-ийн дарга, санхүү хариуцсан захирал Д.Батзаяаг урин ярилцсанаа хүргэж байна.
–Монголд нэгэнт тогтсон ажил бизнестэй хэрнээ яагаад гадагшаа тэр дундаа малайзад бизнес хийхээр санаа шулуудсан юм бол. Энэ түүхээс ярилцлагаа эхлэе?
–Ер нь анхаасаа гадагшаагаа бизнес хийе гэсэн зорилго байсан. Үүнийг хурдасгасан зүйл нь ковидын үе. Хаашаа ч явж болохгүй түгжигдсэн тэр өдрүүдийн дараа гэр бүлээрээ гадагшаа явахаар бат шийдсэн юм. Анх Канад явах зорилгоор виз авах гэж Сингапурт буусан байдаг. Энэ замдаа малайз найзтайгаа уулзах гэж ирээд л бараг 5 жил болчихсон.
Хүмүүс надаас “Орос сургууль төгсөөд Англид дээд боловсрол эзэмшсэн хэрнээ яагаад Малайзад бизнес хийв” гэж асуудаг. Яагаад болохгүй гэж, миний л сонголт шүү дээ. Эргээд харахад зоригтой сонголт байжээ.
–Ингэхэд яагаад заавал кофе, цайны төрлөөр бизнес хийе гэж шийдсэн юм бол?
–Халуун оронд би л ганцаараа хайлаад, хөлрөөд яваа юм болов уу гэсэн чинь малайзууд өөрсдөө ч хөлөрчихсөн яваад байгаа байхгүй юу. (инээв) Өдөрт 4-5 ширхэг ус ундаа, кофе, цай уух нь энүүхэнд. Эндээс л халуун орны хамгийн чухал хэрэгцээ нь уух зүйл юм байна гэдгийг олж харсан.
–Өнөөдөр харин танай кофе борлуулалтаараа Малайзад тэргүүлж байна. Нууц нь юу байна вэ?
–Мэдээж бид эднийхтэй яг ижилхэн бүтээгдэхүүн гаргавал зах зээлээс шахагдах нь тодорхой. Өрсөлдөхүйц байхын тулд кофены үрээ олох гэж маш их эрэл хайгуул хийсэн, дараа нь Старбаксын Америк дахь кофе чанагч мастерийг урьж авчраад нарийн технологиудаа тогтоосон.
Ихэнх үйлдвэрүүд нунтаг кофе найруулж үйлдвэрийн аргаар савладаг бол манай үйлдвэр кофегоо чанангуутаа шууд савладагаараа онцлог.
Старбаксынх шиг кофег савалчихсан л гэсэн үг. Үүгээрээ ч кофенд дурлагсдыг татсан болов уу.
–Малайзын бүхий л сүлжээ дэлгүүрүүд, старбакст хүртэл монгол бизнес эрхлэгчийн цай, кофе зарагдаж байгааг хараад бахархаж байлаа. Энд бүтээгдэхүүнээ албан ёсоор бүртгүүлэх явц хэр төвөгтэй вэ?
–Яг дунд нь ороод үзэхэд бизнесүүдээ дарамталж шахдаггүй, аль болох л дэмжих бодлого баримталдаг нь мэдрэгдсэн. Шаардлага тодорхой, процесс тодорхой учраас өөрсдөөс шалтгаалах зүйлээ л хийнэ гэсэн үг.
Гол нь тухайн бүтээгдэхүүн онцгой, бизнесүүд хоорондоо тохиролцож чадвал болох нь тэр.

–Тухайлбал 7-Eleven шиг томоохон сүлжээнд гадаад хүн бүтээгдэхүүнээ оруулах нь амар биш байх. Ямар шалгуурыг давсан бол?
–Анх 7-Eleven сүлжээ дэлгүүрийн вэб сайтаар холбогдож менежертэй нь уулзаж байв. Биднийг эерэгээр хүлээн авч, бизнесийн яриа өрнүүлсэнд талархдаг.
Шаардлага ёсоор дараа нь 7-Eleven сүлжээ дэлгүүрийн менежерүүд манай Куала Лампур дахь оффист ирж, компанийн үйл ажиллагаатай танилцсан.
15-хан м² талбайд тавуулаа шахцалдан суудаг ч ажилдаа дуртай чин сэтгэлээсээ зүтгэж байгаа манай багийн хандлага тэдэнд таалагдсан юм билээ.
– Гэхдээ борлуулалт гэж чухал үзүүлэлтийг чухалчлан хардаг байх тийм үү?
–Гэрээ байгуулсны дараа ердөө найман сарын дотор 1 сая лааз кофе зарагдсан нь дэлгүүрүүдийн анхаарал татсан. Одоогоор манай бүтээгдэхүүн 7-Eleven-ий 2500 гаруй салбарт зарагдаж байна.
– Бизнес шинээр эхлүүлэх тэр үе амаргүй шүү дээ. Эхлээд эвгүйдэх ч гэх юм уу, хэцүү зүйлтэй бас тулгарсан л байх. Тэр үеэ эргэн санавал..?
–Санхүү нэлээн хасах руугаа орчихсон, түгшилттэй үе санаанд орж байна. (инээв) Тэр үед 7-Eleven сүлжээ дэлгүүрт гайгүй байршилд хөргөгч түрээслээд хүний анхаарал татах гээд аминдаа л үзлээ. Гэвч борлуулалт байдаггүй, бараг 3 сарын дараа л захиалгууд орж ирсэн.
Судалгаа хийлгээд үзэхэд хүмүүс манай кофег сониуч зангаараа л шинэ бүтээгдэхүүн гэж онцолж авсан юм байна лээ.
Үүнд бүтээгдэхүүний савлагааны гял цал бус хуучныг санагдуулсан байдал нь, бас Вьетнам кофе гэдэг утгаараа анхаарлыг нь татсан хэрэг.
Сонгож уусан хэрэглэгчдээсээ “Маш тааламжтай, шууд орж байна шүү дээ”, “Танай кофег ууснаас хойш надаас кофе л үнэртдэг боллоо” гэсэн сайхан үгсийг сонсдог болсон. Олзуурхууштай нь манайг кофег авсан хэрэглэгч дахиад заавал авдаг.
-Та судалгааг эрхэмлэдэг гэсэн. Кофены зорилтот зах зээлээ хэрхэн сонгосон бэ?
– Манай гол хэрэглэгчид бол entrepreneur, startup залуус буюу шинийг эрэлхийлж, цаг хугацаатай уралддаг хүмүүс.
Манай SaiNgon сoffee нь ажил амьдралынхаа төлөө зүтгэж байгаа тэдгээр залууст зориулсан сэргээш гэж болно. Тиймээс брэндийн уриа үгээ “Fuel for Modern Hustlers” буюу “Шинэ үеийн бизнес эрхлэгчдийн шатахуун” гэж тодорхойлсон.
Бизнесийнхээ төлөө зүтгэнэ, зорино, хаяа ядарвал кофегоо ууна, яриа өрнүүлнэ, ахиад эхлүүлэх урам зоригоо ч авна. Бид өөрсдөө ч ингэж завгүй, шаргуу хөдөлмөрлөж байгаа залуу хүмүүс нь шүү дээ.
Сонирхолтой нь юу гээч. Уг нь зорилтот зах зээлд зориулсан, энэ төрлийн сонголтоос 2 дахин үнэтэй бүтээгдэхүүн боловч эсрэгээрээ олны дуртай кофе болчхоод байна.
– Анх монгол чацарганаар ундаа хийх амбицтай байсан гэж дуулсан. Энэ санаа яагаад өөрчлөгдсөн бэ?
– Монгол хүн юм болохоор бас ийм үндэсэрхэг амбиц байлгүй яахав. Анх чацарганаар ундаа хийх гэж үзсэн ч чацарганыг таниулах маркетингийн өртөг үнэхээр өндөр юм билээ. Ингээд л энэ санаагаа орхиод кофег сонгосон доо.
– Бизнесээ амжилттай авч яваа хүнээс заавал асууя. Өнөөдрийг хүртэл баримталсан гол зарчим тань юу байсан бэ?
-Бизнесийн хувьд бол хамгийн чухал нь бэлтгэл ажил юм. Бэлтгэл ажлыг маш сайн судалгаатайгаар, нягт нямбай хийх ёстой. Үүнийг бараг бизнесийн амжилтын 80% гэж боддог. Мэдээж явцын дунд асуудал гарч болох ч сайжруулаад явах боломжтой шүү дээ.
Гэхдээ би энэ бүхнийг ганцаараа хийгээгүй, хүн гэж чухал нөөц буюу хамтрагч нараа зөв сонгосон гэж боддог.
Тэд үнэхээр мундаг учраас бид нэгэндээ итгэдэг, нэгнийхээ итгэлийг хөсөрдүүлээгүй учраас хамтын хүчээр өдий зэрэгтэй авч явна. 
– Хүний нутагт ажил бизнес хийх амаргүй, юунаас урам зориг авч урагшилдаг вэ?
–Дандаа дардан замаар явна гэж мэдээж байхгүй. Заримдаа бүх хаалга хаагдаж байгаа юм шиг санагдах үе бий. Хаалга хаагдлаа гээд гуниглаад суух биш тэндээсээ сураад л урагшилдаг. Тийм үедээ гэртээ харьж, охидуудаа хараад л урам зориг орчихдог. Эхнэр маань ч маш их дэмжиж урам өгдөг.
Мэдээж өглөө болгон SaiNgon кофе гэж сэргээшээ хэрэглэнэ. Үр хүүхдийнхээ төлөө, сайн сайхных нь төлөө зүтгэж байгаа гэхээр ямар ч аав хүн сэргээд л ирнэ шүү дээ. (инээв)

–Хэдэн жилийн өмнө ингэж эхлүүлж байсан бол Малайзын “Топ 100 энтрепренер”-ээр хүртэл шалгарлаа. Энэ мэдээг та хэрхэн хүлээж авсан бэ?
– Мэйлээ шалгатал “Топ 100 энтрепренер”-ээр шалгаруулахаар боллоо. Танд баяр хүргэе” гэсэн зурвас ирсэн байв. Үнэндээ спам имэйлүүдийн нэг байлгүй дээ гэж бодоод тоогоогүй.
Гэтэл хэд хоногийн дараа яамнаас өөрсдөө холбогдож хэлэхэд л баттай итгэсэн дээ.
Татвар төлөлт, компанийн өсөлт, идэвхтэй маркетингийн үзүүлэлтүүд зэргийг харгалзан үзэж энэхүү шагналд тодорхойлсон байсан.
– “Top 100 Entrepreneur Awards”-д онцлогдсон анхны монгол хүн болжээ, тийм үү, тэр үеийн мэдрэмжээ хуваалцвал?
–Бид бизнесийнхээ зарчмаар тууштай ажиллаж, зүтгэсээр ирсэн. Алдаа, оноо байлгүй яахав. Малайзын талд ч монгол хүн ингэж хамтран ажиллаж байгаа нь сонирхол татсан болов уу.
Энэ арга хэмжээний шагнал гардуулах ёслолд 10 хүнийг урих эрхтэй байсан тул би Монголоос найзуудаа урьсан.
Шагналыг гардан авах тэр мөчид бахархал, талархлын асар том давлагаа намайг нөмрөх шиг болсон. Эрч хүчтэй, өрсөлдөөн ихтэй Малайзын зах зээлд өөрийн байр сууриа олохын төлөө гаргасан тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөрийн үр дүр шүү дээ. Нөгөө талаас надад энэ бүх хатуужил, эрч хүчийг өгсөн Монгол ухаан, үндэс угсаагаараа бахархах сэтгэл тэр агшинд зэрэгцэн төрж байлаа.
Тэр мөчид өмнө нь надад боломжгүй мэт санагдаж байсан бүх зүйл бодит зорилго болон хувирч буйг мэдэрсэн.

–Малайзуудын үндэстнийг ялгаварлан гадуурхдаггүй нь энэ шагналаас мэдрэгдэж байх шиг санагдлаа...?
–“Би” шагнал авсан гэхээсээ илүүтэйгээр сэтгэлд хоногшсон ганц зүйл бол бид “Нэг Ази” гэдэг утга агуулга бүхий тухайн шагналын агуулга байсан. Танилцуулга эхлэхэд дэлхийн хамгийн том нэр хүндтэй Азиудыг видео шторкоор гаргасан. Тухайлбал Брус Ли, Жэки Чанаас эхлээд Жэк Ма, Ли Куан Ян, Роберт Куок гээд урд хуучны, одоо үеийн мундагуудыг угсаа гарлыг дурдалгүйгээр бид НЭГ Ази үндэстэн гэдэг агуулгыг харуулж байсан. Энэ бүхэн миний сэтгэхүйг, хандлагыг минь бүр мөсөн эргүүлсэн.
Нийт 1500 гаруй урлаг, спорт, бизнесийн төлөөллүүд бүгд оролцсон, манайхны шинэ жилтэй төстэй нүсэр арга хэмжээ болж өнгөрсөн. Миний хувьд мартагдашгүй сайхан өдөр байлаа.
Энгэрийн тэмдэг өгөөд “Үүнийг байнга зүүж яваарай. Энэ бол таны амжилтын билэг тэмдэг” гэж хэлсэн. Би чухал гэсэн арга хэмжээндээ заавал зүүж очдог болсон.
– Та Малайз болон Монголын бизнесийн орчин, хүмүүсийн ялгаа, хандлагыг хэрхэн хардаг вэ?
– Малайзуудын ажлын цагаа ажилдаа, гэрийн цагаа гэр бүлдээ зориулдаг хандлага нь таалагддаг. Мөнгө олохоосоо илүүгээр амьдралыг яг утгаар нь мэдрэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс гэж болно.
Амралтын өдрүүдээр хүүхдүүдээ гадуур авч гарч, заавал тоглуулдаг. Хүүхдээ онцгой хүндэлнэ, хүмүүжилд нь гойд анхаардаг нь анзаарагддаг.
Малайзад бизнес нь соёл, хүндлэл дээр суурилдаг. Хүнтэй зөөлөн, тэвчээртэй харилцдаг. Үүнийг монгол бизнесмэнүүдийн суралцаж болох хамгийн том хичээл гэж боддог. Би өөрөө ч эндээс суралцаад явж байна. Бид чинь ширүүн талдаа яриатай хүмүүс юм билээ.
Манай монголчууд олон ажлыг зэрэг амжуулдаг, түүндээ ч түүртдэггүй. Шуудхан хэлэхэд жижиг зах зээлд тархиа хэт их ажиллуулдаг хүмүүс шүү дээ. Энэ том давуу талаа ашиглаад Европ, Зүүн Өмнөд Азийн зах зээлд гараасай гэж хүсдэг. Ингэж чадвал амжилт гаргана гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Эх оронч үзэл гэдэг эх орондоо л байхыг биш хэлдэггүй гэдэг дээ.
–Тэгвэл гаднаас харахад бидэнд ямар боломжууд харагдаж байна вэ?
-Уул уурхайгаас өөр салбарт хүч үзэх боломж бидэнд олон бий. Дэлхий даяар сүүлийн жилүүдэд хүнсний үйлдвэрлэл, газар тариалангийн үнэ цэнэ өсөж байна. Кофены үнэ л гэхэд сүүлийн дөрвөн жилд гурав дахин нэмэгдлээ. Ирэх 30 жилд ч дэлхий дахинд хүнсний болон газар тариалангийн бизнесүүд хамгийн хүчтэй, өсөлттэй салбаруудын нэг болох нь тодорхой.
Тэгвэл Монголд кофены үр тарих гээд үзье л дээ. Болохгүй юмаа гэхэд ядаж л цэвэр чацаргана, алтайн нурууны цэвэр усийг савлаад экспортолж болно.
Монгол Алтайн нурууны ус гэвэл гоё сонсогдож байгаа биз дээ. Мэдээллийн технологийн салбарын залуус ч гадагшаа гарвал зах зээл нь байна. Том сэтгэх ч албагүй. Энд жижигхэн хуушуурын мухлаг ажиллуулж эхлээд дэлхийн хэмжээний брэнд үүсгээд IPO гаргачихсан компаниуд зөндөө л байна шүү дээ. Гол нь хийе гэж шийдвэл боломж хэзээд байдаг хойно.
–Тэгвэл Малайзад манайд байдаггүй ямар боломж, давуу талууд байна вэ?
–Надад Малайз улсын бизнесийн орчин, мөн бизнес эрхлэгчдээ, залуу үеэ дэмждэг, чадахгүй байсан ч чадна гэж урамшуулдаг хандлага нь хамгийн их таалагддаг.
Бас эндэхийн бизнесийн экосистем маш ойлгомжтой, ил тод. Эндхийн банкнууд бизнес эрхлэгчдэд итгэдэг, эрсдэлийг нь хуваалцдаг.
Зөвхөн нэг жилийн үйл ажиллагааны туршлагатай байхад л барьцаа хөрөнгөгүйгээр жилийн 1–4 хувийн хүүтэй зээл авах боломжтой гэвэл бараг итгэхгүй дээ. Монголд энэ бол бараг төсөөлөшгүй зүйл.
Манай компани ч анх ийм нөхцөлөөр зээл авч байв. Бараг сая ам.долларын зээл авч, хугацаанд нь бүрэн төлсөн. Бизнес эрхлэгчдийг дэмждэг, итгэл дээр тогтсон соёлынхоо ачаар стартапууд нь хурдтай өсч, богино хугацаанд IPO гаргах хэмжээнд хүрдэг юм билээ.
– Цаашдын зорилго, том амбиц юу вэ?
–Ер нь эхний шатыг давж чадсан гэж бодож байна. Гэхдээ давааны цаана даваа бий гэдэг.
Цаашдын зорилго бол дэлхийн брэнд бий болгох. Яагаад монгол залуус Nestlé, Nescafé, Wonda шиг олон улсад танигдсан брэндүүдтэй өрсөлдөж чадахгүй гэж.
Хамгийн муудаа л дэлхийн хэмжээнд борлуулалтын сүлжээгээ бий болгомоор байна.Энэ сүлжээгээ ашиглаад зөвхөн өөрийн бүтээгдэхүүн төдийгүй, Монгол блон Азийн бусад орны онцгой, чанартай бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргах гарц нээхийг хүсдэг.
–Эх орондоо хэзээ очих вэ, энэ талаар төлөвлөж байна уу?
–Ирэх жилээс эх орон руугаа явах шийдвэр гаргасан. Ээж аавтайгаа хэсэг ойр байж, хүүхдүүдээ ч монголдоо элгэмсүү өсгөх зорилго бидэнд бий. Одоо бүх зүйл амархан болчихлоо шүү дээ. Цахимаар ажлаа амжуулна, хүссэн үедээ хаашаа ч явж болно.
–Манай сайтад сонирхолтой ярилцлага өгсөнд танд баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа. Малайзыг зорин ирж ярилцлага авсанд Peak.mn сайтынхандаа баярлалаа.
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.31.217] ・ 5 өдрийн өмнө Хариулах
Zaluus goy bolj bna shu, baharhaj bna. Tanai coffeeg Mongoldoo uumaar bna. Amjilt
Зочин [103.212.116.45] ・ 7 өдрийн өмнө Хариулах
Баялаг сэтгэхүйтэй залуу байна. Бахархаж байна амжилт!
Зочин [202.126.91.241] ・ 7 өдрийн өмнө Хариулах
Үнэхээрийн сайхан мэдээ байна. Өөр оронд ийм амжилттай яваа монгол брэнд байдаг гэж ёстой мэдээгүй явжээ. Монголд байгаа cu,gs -д импортын кофенүүд л байдаг. Ийм монгол чанартай кофегоо тийм convenience дэлгүүрүүдээр зарвал залуу ахлах ангийнхан, оюутнууд, young hustlers бүгд л авж уух байхдаа???
Зочин [103.229.121.41] ・ 7 өдрийн өмнө Хариулах
Бачка дүүдээ баяр хүргэе. Ямар мундаг юм вэ .цаашдын ажилд нь АМЖИЛТ хүсье А. Туяа эгчээс нь
Зочин [66.181.181.62] ・ 7 өдрийн өмнө Хариулах
Ганц гялтайх схан мэдээ блаа. Хуушуурын мухлаг нээгээд ч болтугай гэсэн хэсэг дээр ёоонк хийж бнашү ‘. Амжилт
Зочин [122.201.31.224] ・ 7 өдрийн өмнө Хариулах
??? Найздаа амжилтын дээдийг хүсэн ерөөе !!!
Зочин [59.153.114.113] ・ 8 өдрийн өмнө Хариулах
yriltslaga saihan boljee ymar saihan medremj be sociald today choojoo bas shuuh geed har medremj l avdag bolj eyereg saihan medee tugeesen peakdee bas mundag zaluudaa amjilt husey
Санал болгох
1 Монголын бизнесүүдийг олон улсын зах зээлд бэлтгэх системчлэлийн "мастер класс" зохион байгуулна
2 Монгол, Малайзын хөрөнгө оруулалтын эхлэл Куала Лумпурт тавигдлаа
3 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
4 “Дулаахан өвөл”
5 О.Цэцэгбал: Бага ангийн сурагчдад эрүүл мэнд, ёс суртахууны дадал олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулна
Холбоотой мэдээ
Санхүүгийн боловсрол
Зангуу төсөөллийн гажуудал ба бизнес төлөвлөгөө
Peak.mn ・ 01 сарын 28, 2023
Дэлхий
“Мөнгө хамгийн чухал зүйл биш” гэдгийг баталсан 10 тэрбумтан
・ 02 сарын 05, 2019
Нийгэм
Сократус Стартап Студио: Гарааны бизнес 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авах боломжтой
・ 11 сарын 06, 2019
Нийгэм
Бизнес эрхлэгчдэд олгосон 10 тэрбум орчим төгрөгийг зээлдэгчдээс нэхэмжилнэ
Х.Оргил ・ 08 сарын 30, 2019
Бизнес
Тэрбумтнуудын амжилтад хүрэхийн өмнөх төрх
Э.Мөнхтуяа ・ 08 сарын 13, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.