“Дулаахан өвөл”

Хүдэрчулууны Хулан
01 сарын 20, 2026

Улаанбаатар-Сингапур чиглэлийн шууд нислэг ойролцоогоор долоон цаг орчим үргэлжлэв. -30 хэмээс Сингапурын Чанги нисэх буудалд хөл тавьсан биднийг +30 хэмийн чийглэг, бүгчим агаар угтсан ч кондэйшнтэй автобусанд суудал засах мөчид биеийн хөлс сэрвэж тун ч таатай болж ирлээ.

Бид Сингапуртай хил залгаа орших, Малайз улсын Жохор Бару хотыг зорьж яваа маань энэ. Ердөө хоёр цагийн дараа зорьсон газраа хүрнэ. Зам зуур Сингапурын гудамж дахь ногоон байгууламж, хүний гараар бүтдэг гайхамшиг болох архитектурын гоёмсог шийдэл бүхий барилга байшин, хот тохижилтын гайхалтай зохицлуудыг харан нүдээ баясгангаа, “Хэд хоногоос энд өдрийн аяллаар ирцгээе” хэмээн багийнхантайгаа ярилцлаа.

Peak.mn сайтын хамт олон бид шинэ оноо халуун оронд угтахаар 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны орой Жохор Бару хотыг зорьж буй маань энэ.

Бидэнд бэлэглэсэн тав тух

Биднийг 12 хоногийн турш байрлах, ойролцоогоор 90 ам.метр бүхий талбайтай цэлгэр том байр угтлаа. Бидний “гэр”. Нийтдээ дөрвөн унтлагын өрөөтэй, өрөө тус бүр нь өөрийн гэсэн угаалгын өрөөтэй, зочны өрөө, гал тогоонд нь айл гэрийн хэрэгцээнд шаардлагатай бүхий л тавилга, эд хогшил байх аж.


Тэр ч бүү хэл,  зөөлөн материалаар хийсэн гулсуур сэлт бүхий хүүхдийн тоглоомын хэсэг ч байна. Энэ бол Малайз улсад биднийг урьж аваачсан, “Green Empire Holding” ХХК-ийн зүгээс бидэнд бэлдсэн тав тух байлаа. 

Нэг тийм тансаг мэдрэмж төрүүлдэг цэлгэр том цонхнууд, түүгээр харагдах ногоон байгууламж хийгээд цаана нь цайран харагдах далайн үзэмж, орчин үеийн атлаа минималист хэв шинжийг агуулсан тавилгууд, интернет, усан сан, фитнес заал... Гайхалтай, бидний энд өнгөрүүлэх 12 өдрийн амьдралд хэрэгтэй бүх зүйл энд байна. 


Аян замд жаахан алжаасан бид тэндээ ачаагаа буулгамагцаа оройн зоогоо барихаар хотхоноосоо таксигаар 10 минутын зайтай худалдааны төвд очиж гудамжны хоолноос амттай талхан хачир дагуулсан зутан шөлийг есөн ренгит(мөнгөн тэмдэгт)буюу ойролцоогоор 8000 орчим төгрөгөөр, бургерийг мөн тэр хавьцаа үнээр авч байна. Энэ мэтчилэн ерөнхийдөө хоол хүнсний үнэ монголынхтой тун ойролцоо, зарим тохиолдолд илүү хямд байгааг бид аяллынхаа явцад мэдэж авсан. Нэг ренгитийн төгрөгтэй харьцах ханш 870 орчим байна.


                                         Жохор Бару дахь монголчууд

Өглөө нь бид Жохор Баруд амарч буй монголчуудын спортын тэмцээнийг очиж сонирхов. 

Орой шинэ оноо хамтдаа угтах нэгдсэн үйл ажиллагаатай бөгөөд биднийг ч мөн урилаа. 

Далайн эргийн буйдхан зоогийн газарт 200 гаруй монгол хүн шинэ оноо хамтдаа угтаж буй мөч. 

Харин Жохор дахь зарим гэр бүл, гэр бүлийн найзууд далайд завин дээр шинэ оноо угтах аялалд гарчээ

Жохор Бару хотод одоогоор нийлээд 300 гаруй монгол хүн өвлийн 30-45 хоногийг гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар ийнхүү амарч өнгөрүүлж байгааг хөтөч бүсгүй бидэнд дуулгалаа. Хүүхдийнхээ өвлийн амралтыг тааруулан халуун дулаан оронд өнжиж буй тэд хоорондоо тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна баг бүрдүүлж богино хугацааны аяллын хөтөлбөрүүд ч гаргачихдаг юм билээ.


Бидний байрласан хотхоноос гадна өөр 3-4 хотхонд монголчууд маань байр хөлслөн амьдарч байгаа учир зорьж л тааралдахгүй бол тэнд биднээс өөр монгол хүмүүс байгааг мэдэх ч аргагүй юм билээ. 

Жохор дахь монголчуудын сошл группийг ч хэдийнэ үүсгээд авч. Шинээр очсон бидэнд энэ групп бараг л бүрэн хэмжээний гарын авлага болох жишээний. “Газаа хэрхэн ажиллуулах вэ?”, Ойрын хугацаанд Жохороос гарах богино аяллын хөтөлбөр юу байна вэ?, “Хамгийн амттай гудамжны хоол хаана байна вэ?”, “Валютаа хаана очиж солиулах вэ?” гэх мэт… 


Малайз амбиц Жохор Бару

Жохор хот бол малайзуудын шинэ амбиц бөгөөд хил залгаа орших, дэлхийн хамгийн үнэтэй хот, ази тивийг хөгжлөөрөө тэргүүлэгч Сингапуртай өрсөлдүүлэхээр шинээр бүтээн байгуулж буй хот-аялал жулчлалын бүс нутаг аж. Тэр ч утгаараа энэ бол жуулчдын хот. Энэтхэг, хятад, солонгосуудтай бид алхам тутамдаа тааралдах болно. Тэдний зарим нь, ялангуяа солонгосууд Жохорт орон сууц худалдан аваад амьдарч байгаа нь олон юм билээ. Шалтгаан нь үр хүүхэддээ дэлхийн жишигт нийцсэн боловсролыг хямд зардлаар, стандарт хангасан орчин нөхцөлд авах боломж.



Басхүү малайз гаднын иргэдэд орон сууцаа ипотекийн зээлээр олгох нөхцөл нь онцгой таатай. Гэмт хэрэгт холбоогүйг батлах тодорхойлолт, сарын орлогын хэмжээ 10 сая төгрөгөөс дээш болохыг нотлосон цалингийн дансны сүүлийн гурван сарын хуулга байхад л хангалттай. 

Малайз бол газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч орон. Тэр ч утгаараа нэг литр шатахуун ойролцоогоор 870 төгрөг, таксины төлбөр нэг км тутамд мөн л 870 төгрөг болно. 

Газарзүйн байршлын хувьд Сингапуртай хил залгаа оршдог учир хамгийн хямд зардлаар Сингапурыг үзэх боломжтой нь том давуу тал болдог. Автобус, метрогоор нийт хоёр цаг орчим давхиад л дэлхийн шилдэг барилгуудын нэг болох Marina Bay Sands-ийн дэргэд шууд буучихна. Хилээр нэвтрэхэд ямар нэгэн хүндрэл байхгүй, ердөө 15 минутын дотор хил гарчихна. 

Сингапур

Амьдрах өртөг Жохорт хямд учир жуулчид энд удаан хугацаагаар буюу сар орчим амьдрах хугацаандаа сингапураас гадна, тайланд, индонез, вьетнам руу бага зардлаар аялчихдаг юм билээ. 

Малайз улс хаант засаглалтай. Нийтдээ 13 мужтайгаас ес нь уламжлалт султантай, тэднээс хааныг ээлжлэн таван жилийн хугацаатайгаар сонгодог онцлогтой. 2024 онд Жохор Баругийн султан Ибрахим Скандар хаан ширээнд сууснаар тэрбээр өдгөө малайзын төрийг барьж буй. 

2006 онд Жохор мужид “Iskandar Malaysia” нэртэй томоохон эдийн засаг, хөрөнгө оруулалтын хөгжлийн бүсийг байгуулж эхэлсэн бөгөөд энэ нь дээр дурьдсанчлан Сингапуртай өрсөлдөхүйц бүс болгоход чиглэсэн стратеги юм. 

Тэр ч угаараа хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгосон.  Үр дүнд нь сингапур, хятадын бизнесмэнүүдийн сонирхлыг ихээр татаж, өдгөө Жохорт хөрөнгө оруулалт хийж буй иргэдийн дийлэнх нь сингапурууд болоод буй. 

Малайзууд гэр амьтай, хүүхэд төвтэй улс. Хүүхдийг дээдлэх, хүндлэх соёл өндөр. Тэр ч утгаараа Жохорт гэр бүлийн амралт-аяллаа төлөвлөх нь илүү тохиромжтой. Амралтын өдрүүдэд хүүхдүүддээ яг ижилхэн хувцас өмсгөөд гадуур зугаалж, дэлгүүр хэсч буй дүр зургийг хаа сайгүй харж болно. Хот ямар тайван амгалан болохыг бид эндээс ойлгоно. Зам харилцаа сайтар хөгжсөн, ямар ч түгжрэлгүй. Бидний ойлгож анзаарсан нэг зүйл бол таксигаар 10 км газрыг 10 минутад, 20 км газрыг 20 минутад л туулж очдог юм билээ. Тэгэхээр цаг төлөвлөхөд ч хялбар. 

Малайзид өвлийн цаг агаар +28-аас +30 хэмтэй. Өглөө, өдөртөө халуун, бүгчим боловч зарим оройдоо салхи зөөлөн сэвших нь нэн таатай аж. Хэдий халуун бүгчим боловч тэнгэр нь үргэлж үүлэрхэг учир хурц нар шарахгүй, үе, үе гэнэт зөөлөн бороо түрхэн зуур шиврээд өнгөрөх нь  “гэнэтийн бэлэг” шиг санагдана.

Арванхоёрдугаар сард улс даяар “Кристмасын хямдрал” зарлаж, бэлэн хувцаснуудын үнэ ихээхэн унана. Брэндийн хувцаснууд 30-80 хувь хямдарч, зарим нь хоёрыг авбал дахин хоёрыг үнэгүй бэлэглэх жишээтэй.


Далайн эргийн амьдралын хэв маяг “Forest City”

Жохор Баруд үзэж, зугаалж болох олон газар бий. Томоохон молл, худалдааны төвүүд, энэтхэг хороолол, хааны ордон, муслим шашинтнуудын сүм хийд… Эдгээрээс онцолбол далайн эргийн нөхөн сэргээлтээр бий болгосон хиймэл арлууд дээрх шинэхэн бүтээн байгуулалт “Forest City”. Жохор Баругийн Iskandar Puteri бүсэд, Малайз-Сингапурын хоорондхи хоолойд байрлах “Forest City” бол өндөр зэрэглэлийн орон сууц, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, бизнесийн цогц хөгжүүлэлт бүхий 100 тэрбум ам.долларын  “шинэ хот” төсөл юм. 


Далайн эргийн амьдралын хэв маягийг бүрдүүлэхээр зорьж эхлүүлсэн энэ төсөл хэдийгээр бүрэн дуусаагүй боловч Forest City-г зорьж үзсэн хэнийг ч гонсойлгохгүй. Хараа булаам цэцэрлэгт хүрээлэнгүүд, ногоон байгууламж, зам талбай, усан бассейнууд гээд далайн эрэг хүртэлх зам нь хэнийг ч уйдаахааргүй үзэсгэлэнтэй бас сонирхолтой.


Мэдээж, далайн эрэгт наран шарлагын газартай. Тэнд очихгүйгээр Жохор Баругаас битгий яваарай гэж зөвлөх байна. Хөнгөн хөгжим, халуун хоол, шар айраг, коктэйл, жуулчид гээд далайн эргийн утга учрыг мэдрүүлэгч  бүх зүйл таныг тэнд хүлээж буй. 

"Forest City"


                                                                                                                "Desaru" Далайн эргийн амралтын бүс. Жохор Бару хот


ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…









 

 

 

 

 



Холбоотой сэдвүүд

аялалжуулчлал малайз улс

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.