ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн парламентын нийтийн танхимын дарга Андреа Лидсом “Brexit”-тэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд Тереза Мэйтэй санал зөрөлдсөний улмаас огцорчээ. Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсандаа мэдээлсэн байна.


Лидсом гаргасан шийдвэрээ Brexit-ийн талаарх Засгийн газрын байр суурьтай санал нэгдэхгүй байгаатай холбон тайлбарлажээ. Түүний үзэж буйгаар, Мэйн санал болгож буй хэлэлцээр нь Их Британид “жинхэнэ тусгаар тогтносон” улс байх боломж олгохгүй байна. Лидсом мөн бүх нийтийн санал асуулгыг хоёр дахь удаагаа явуулах боломжийг эрс эсэргүүцэж байгаа аж. Түүний огцрох болсны бас нэг шалтгаан нь Засгийн газрын хагарч хуваагдаж, улмаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон явдал юм. Мэйг огцорсны дараа Ерөнхий сайдын албан тушаалд нэрээ дэвшүүлэх боломжийг судална гэж Лидсом урьд нь мэдэгдэж байжээ.


Лидсомыг огцорч буйгаа мэдэгдсэний дараа сөрөг хүчнийхэн парламентын ээлжит бус сонгууль зарлахыг шаардсан байна. Нийтийн танхимын дарга огцорсон нь сонгууль явуулах хангалттай үндэслэл болно гэж тэд үзэж байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг