Индонезид жагсагчид улс төрчдийн гэрийг дээрэмджээ

Л.Дэлгэрмаа
09 сарын 02, 2025

Индонезид парламентын гишүүд сар бүр 3000 ам.долларын орон сууцны тэтгэмж авч байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, улс даяар эсэргүүцлийн жагсаал дэгдлээ.

Жагсаалын үеэр уурласан иргэд хэд хэдэн хууль тогтоогчийн гэр рүү дайран орж, тансаг эд зүйлс, тэр дундаа Теслагийн машин, Iron Man-ы баримал зэргийг дээрэмджээ. Улс төрч Ахмад Сахрони жагсагчдыг “дэлхийн хамгийн тэнэг хүмүүс” гэж доромжилсноос нөхцөл байдал улам хурцдав.

Үймээний үеэр 21 настай  хүргэлтийн жолооч цагдаагийн хуягт машинд дайруулж амиа алджээ. Одоогийн байдлаар таван хүн нас барсан гэжээ.

Нийгмийн сүлжээнд жагсаалын дүрс бичлэгүүдийн хамт бусад улс төрчдийн хаяг олон нийтэд ил болжээ. Ингэснээр эсэргүүцэл нь улс төрчдөд чиглэсэн зохион байгуулалттай хөдөлгөөн болж хувираад байгаа аж. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Прабово Субианто нь Хятадад хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалжээ.

ЗурагТайлбар


Индонезид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ердөө 200 ам.доллар орчим байдаг. Гэтэл парламентын гишүүд болон өндөр албан тушаалтнууд нь дараах төрлийн тэтгэмж, хангамж авдаг гэнэ.

  • Тэтгэвэр ба нэг удаагийн мөнгөн олговор – Албан тушаалаас чөлөөлөгдөхөд нь өндөр хэмжээний нөхөн төлбөр олгодог.

  • Орон сууц, унааны хангамж – Төрөөс байр, автомашин, жолооч зэрэгтэй.

  • Төлөөллийн зардал – “Үүргээ хэрэгжүүлэх” нэрийн дор нэмэлт мөнгө сар бүр авдаг.

  • Эрүүл мэндийн иж бүрэн даатгал – Гадаадад эмчлүүлэх боломжтой өндөр зэрэглэлийн даатгалтай

  • Бусад тэтгэмж – Нислэг, аялал, гадаад томилолтын нэмэлт зардал, гэр бүлийн гишүүдэд хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. 

Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар, хэрэв засгийн газар тэтгэмжийн шийдвэрээ эргэн харахгүй бол эсэргүүцэл цаашид ч хүчээ алдахгүй, улс төрийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлтэй хэмээн дүгнээд байна.

Холбоотой сэдвүүд

дэлхий индонези

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.