АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийн барилгын ажлын явцын талаар холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр танилцуулах мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон "Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлэг барихаар болсон. 

Ингэснээр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн Япон-Монголын сургалтын эмнэлгийг барьж, байгуулаад явж байна. Энэ эмнэлэг Монгол Улсад төрөлжсөн нарийн мэргэжлийн нэгдсэн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулна. Жилд 180 мянга гаруй хүнд үйлчилж, 2300-аад мэс ажилбар хийж, 4300 хүнийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд өдөрт 600 гаруй хүнд үзлэг хийх боломжтой юм. Мөн Япон улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглана. 150 резидент, 300 гаруй эмч, багш ажиллана.

Эмнэлгийн барилгын ажлыг 2019 оны 8 дугаар сард дуусгахаар төлөвлөсөн ч хугацааг наашлуулахаар хоёр тал хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд 2019 оны нэгдүгээр улиралд барилгыг бүрэн барьж дуусгаад, тус оны 7 дугаар сард иргэдээ хүлээн авч үйлчлэхээр төлөвлөн, шаргуу ажиллаж байна" хэмээн ярилаа.