Өнгөрсөн хугацаанд 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулжээ

Энэ жил нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас утааг бууруулах зорилгоор  MNS  стандарттай зуухыг худалдаалахаар болжээ. Тухайлбал гэрийн хэрэглээнд зориулсан MNS52162016 буюу давхар шаталттай, утаа бага гаргадаг зуухыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх юм. Хөрөнгө мөнгө бага учраас өмнө нь хэрэглэж байсан зуухаа арай сайжруулсан хэлбэрээр гаргаж байгаа гэж албаныхан онцоллоо. Харин том оврын усан халаалтын зууханд MNS50432016 хэмээх шинэ стандарт гаргажээ. Мөн утаа бага гаргадаг сайжруулсан шинэ түлш худалдаалах юм байна. Энэ түлшний үнэ нүүрстэй ижил байх аж.

Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас хөнгөлнө

Өнгөрсөн жилээс утаатай бүсэд байгаа өрх, аж ахуйн нэгжүүдэд цахилгааны шөнийн төлбөрийг тэглэхээр болсон билээ. Энэ жилийн цахилгааны хөнгөлөлтийг ирэх сарын нэгнээс эхлүүлэхээр болжээ. Шөнийн цагт ачаалал ихэссэнээс болжтомоохон гэмтэл үүсэхгүй, бэлтгэл ажлыг сайн хийсэн хэмээн Эрчим хүчний яамнаас онцолж байгаа юм. Шөнийн цахилгааны хөнгөлөлт таван сар үргэлжилнэ. 21.00-06.00 цаг хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гараад байгаа.

Тэгвэл айл өрхүүд энэхүү хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

-Гэр хороололд амьдарч буй иргэд шөнийн тарифын хөнгөлөлтөө эдлэхийн тулд заавал өдөр шөнийн заалтыг харуулдаг электрон тоолууртай байх шаардлагатай. Хуучны энгийн тоолуурт ийм заалт байдаггүй.

-Та хоёр тарифтай тоолуур хэрэглэж байгаа эсэхээ хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж эсвэл хэрэглэгчийн кодоороо tog.mn сайт руу орж ямар мэдэх боломжтой.

-Электрон тоолуургүй айлууд оршин суугаа дүүргийнхээ УБЦТС-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж тоолуур тавиулах хүсэлтээ тавих боломжтой.

-Эсвэл тоолуур суурилуулах захиалгат үйлчилгээний 70047004 утсаар холбогдож болно.

-Хэрэглэгчдэд анхааруулахад Стандарт хэмжил зүйн үндэсний газраас тусгай зөвшөөрөлтэй тоолуур худалдан авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

                                                     Гэр хорооллынхон 36 тэрбум төгрөгийг нүүрсэнд өгдөг

Гэр хороололын 198 мянган өрх нэг өвлийг давахын тулд 600 мянган тонн нүүрс түлдэг гэсэн статистик гарчээ. Эдгээр өрхүүд жилд дунджаар 36 тэрбум төгрөгийг зөвхөн нүүрсэнд зарцуулдаг байна. Өнгөрсөн  хугацаанд Мянганы Сорилын сан, Дэлхийн Банк, Цэвэр агаар сан, Улсын төсвөөс нийт 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байна. 

Компаниуд агаар бохирдуулсны татварт22 тэрбумыг төлдөг

Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэд, цахилгаан станцууд, органик болон химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 22 тэрбум төгрөгийн  татвар төлдөг гэсэн тоо баримт бий.   Харин тус мөнгөнөөс  энэ оны агаарын бохирдлыг бууруулахад зориулан улсын төсвөөс таван тэрбум төгрөг гаргахаар төлөвлөөд байгаа юм. Үүний ихэнх буюу 3,5 тэрбум төгрөгийг нийслэлд зарцуулах бөгөөд шөнийн цахилгааныг хөнгөлөхөд,зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух, түлш тараахад,олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зарцуулахаар тусгажээ.