Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан нэр бүхий хуульчдаас санаачлан “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг МУИС-ийн номын санд зохион байгууллаа.

“Авлигын эсрэг хуульчдын нэг алхам” санаачилгын хүрээнд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин тэргүүтэй хуульчид авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хууль тогтоомжийн шинэчлэл, нөөц боломж, бодит байдал, ухралт, хүлээлгэх хариуцлагын талаар илтгэлүүд хэлэлцүүллээ. 

Хэлэлцүүлэгт хуульч Д.Миеэгомбо “Хуульчийн нийгмийн (түүхэн) хариуцлага”, судлаач Х.Номингэрэл “Хулуь дээдлэх ёс ба олон нийтийн итгэл”, хуульч Б.Мэргэн “Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй”, хуульч О.Алтангэрэл “Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж”, хуульч Д.Сүнжид “Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээх боломж”, сэтгүүлч Д.Батбаяр “Мэдээллийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө”, УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж байна.

Х.Тэмүүжин хэлэхдээ "Ил болсон, өөрсдөө ам хэлээрээ хүлээн зөвшөөрсөн, хууль зөрчсөн нь цагаан дээр хараар тодорхой, олноороо зохион байгуулалттай хулгайлчихсан, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй ЖДҮ тойрсон асуудлыг хуулиар шийдвэрлэж, хариуцлага тооцож чадахгүй бол Монгол улсад хууль гэж үгүй. Үүнээс болж албан тушаалтнуудад хариуцлага, иргэдэд итгэл гэдэг зүйл үгүй болж байна. Хариуцлага хүлээхгүй байгаагаас болоод хууль шүүхийн өмнө хэн очсонгүй. Хуульчид энэ асуудал дээр нийгэмд дуу хоолойгоо хүргэх ёстой.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт хуулинд заасан байдаг. Жишээ нь ашиг сонирхлын тухай хуульд 20.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, ...Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, ...албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд ...төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй гээд заачихсан байгаа. .Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараах захиргааны хариуцлага хүлээлгэдэг" гэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх зорилготой юм байна.