БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалыг түүхэн, бас амжилттай байлаа гэж сайшаажээ. Тэд Умард Солонгос болон хоёр улсын худалдааны талаар ярилцаад хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн байна. 

Ноён Трамп Хятадыг Умардыг цөмийн пуужин бүтээхийг нь болиулахад хувь нэмрээ оруулахыг хүсчээ. Тэрбээр “Соён иргэншсэн ертөнц Умард Солонгосын заналхийллийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Бид үүний төлөө хүчээ хэрхэн нэгтгэх талаар хэлэлцсэн” гэв.

Харин ноён Ши “Бид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгаж цөмийн зэвсгийн статус дэлхийн аль ч оронд байлгахгүйн төлөө хувь нэмрээ оруулахаа амалж байна. Бид НҮБ-ын хориг, тогтоолыг чанд биелүүлж, цөмийн зэвсгийн асуудлыг хэлэлцэх замаар шийдвэрлэхийг хичээх болно” хэмээсэн юм. 

Харин худалдааны тухай талууд бизнес, хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурж нийт 250 тэрбум доллараар хэмжигдэх хэлэлцээр хийжээ.