БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэргэжилтнүүд /CASIC/ яаралтай холбоо тогтоох болон дэлхийн гадаргууг асар өндрөөс удаан хугацаанд ажиглах зорилгоор нарны зайгаар ажилладаг нисгэгчгүй аппарат бүтээж эхэлжээ. Энэ тухай “China Daily” сонин ням гарагт мэдээлсэн байна.


Тус сонинд мэдээлснээр, шинэ технологи бараг бэлэн болсон байна. Уг аппарат агаар мандлын стратосфер давхаргад /11-50 км өндөр дэх давхарга/ 20 гаруй км-ын өндөрт нисэх чадвартай гэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь арилжааны нислэгт ашигладаг агаарын мандлын давхаргаас хамаагүй өндөр гэсэн үг юм. Шинэ аппаратыг хамгийн багадаа долоо хоног тасралтгүй ашиглахаар төлөвлөжээ. Байнга үүлний дээгүүр нисэх учир уг төхөөрөмж нь өдрийн цагаар нарны эрчим хүчээр цэнэглэгдэх аж.


“Бидний ажил ерөнхийдөө ахиц дэвшилтэй, маш сайн үр дүнтэй байгаа” гэж "Фэйюнь" хөтөлбөрийн удирдагчдын нэг онцлон тэмдэглэжээ. Уг хөтөлбөрийн гол зорилго нь 2020 он гэхэд ийм нисгэгчгүй аппаратын сүлжээ байгуулах юм.



Эх сурвалж: Монцамэ агентлаг