Нийгмийн сүлжээнд шашины үйл хэрэг хийлгэж буй цагдаагийн албан хаагчдын үйлдэл багагүй шүүмжлэл хүртэж эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Тэгвэл тэдгээр дарга нарт ЦЕГ-ын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авахаар болжээ. Мөн бусад цагдаа дотоодын цэргийн байгууллагын дарга нарт ийм үйлдэл гаргахгүй байх талаар үүрэг чиглэл хүргүүлсэн байна. 

Тодруулбал, уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/476 дугаар тушаал гаргаж,  Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасан, Ховд аймаг дахь цагдаагийн газрын Дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулжээ.