УИХ-ын чуулганы хуралдаан өнөө өглөө 10 цагт эхэлсэн ч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааныг орхин гарсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Монголын парламентийн түүхэнд сүүлийн 27 жил тохиогоогүй үйл явдал сая боллоо. Юу вэ гэхээр хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж УИХ-ын дарга өчигдөр хуралдсан ёс зүйн хороогооор нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй гэдэг шалтгаанаар өөрөө хурлаа хаяад гараад явчихлаа. 

УИХ-ын дарга гэдэг хүн хуулийн хүрээнд хурал даргалах үүрэгтэй болохоос УИХ гэдэг нь М.Энхболд гэдэг хүн биш.

Ёс зүйн хороо өнөөдөр хуралдъя гээд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, хуралдаа ирдэггүй Б.Наранхүү зэрэг олон гишүүн санаачилга гаргаж байна. Би 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр "М.Энхболд гэдэг хүн 60 тэрбумтай холбогдсон байна. Үүнийг Ёс зүйн хороогоор юу гэж үзэж байна вэ" гэсэн утга бүхий албан бичгийг С.Бямбацогт гишүүнд хүргүүлсэн. Үүнд одоог хүртэл хариу өгөөгүй. Гэтэл өчигдөр гарсан дээрх шийдвэрээр Ёс зүйн хороо өнөөдөр хуралдах гэж байна. Эндээс харахад парламент хуулийн дагуу биш хувь хүнд тохируулж ажиллаж байна.  Мөн хууль хяналтын байгууллага М.Энхболд гэдэг хүний шийдвэрээр ажилладаг болсон.

М.Энхболд гэдэг хүнийг хамгаалах гэж, МАНАН гэж яриад буй бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлээд бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчлах ажиллагаа явагдаж байна. Бөөнөөрөө гишүүн болон түүний гэр бүлийнхэнтэй нь уулзаж хэрвээ Засгийн газрыг хамгаалж үлдвэл чамайг хэрэгт унагана гэж хэлж байна. Энэ бол Монгол Улсын Ардчилсан түүхэнд өмнө нь болж байгаагүй үйлдэл. Ийм зүйл М.Энхболд гэдэг УИХ-ын даргын үед болж байна. Аль дээр Үндсэн хууль зөрччихсөн. Үндсэн хуулийн цэц уг асуудлаар Их суудлын хуралдааныг яаралтай зарлаж хуралдах ёстой. Хэрэв үгүй гээд цааш явбал Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулиа дагахгүй байх нөхцөл үүснэ. Энэ талаарх албан бичгийг би Ёс зүйн хороонд яг одоо хүргэж өгөхөөр явж байна" хэмээн ярилаа.