МАН-ын 28 дугаар Их хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Их хурлыг нээж МАН-ын дарга М.Энхболд үг хэлж, хийсэн ажлаа дүгнэн танилцуулж байна. 

Энэ үеэрээ М.Энхболд "МАН Хүний нөөцөө бэлтгэх, чадваржуулах зорилгоор их, дээд сургуулиудтай гэрээ байгуулан бакалавр, магистерын сургалтад 200 гаруй оюутан сургасан. Мөн "Манлайлал 500" хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутгийн 300 орчим залуусыг мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулсан.

Сургаж бэлтгэсэн хүмүүсээ намын ажил албанд томилох, шударга өрсөлдөөний зарчмаар намын бүх шатны удирдах ажилтнуудыг сэлбэх, шинэчилж байх нь манай намын Хүний нөөцийн бодлого менежментийн жанжин шугам байх зарчмыг баримталсан нь бодит үр дүнгээ өгсөн.

МАН 2014 оны 12 дугаар сард хамтарсан Засгийн газарт орж ажилласан. Энэ шийдвэрийг иргэд, намын гишүүдийн дунд хэд хэдэн удаагийн судалгаа явуулж, Бага хурлаараа хэлэлцэж олонхийн саналаар гаргасан. Харамсалтай нь найман сарын дараа Ардчилсан намын санаачлагаар Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан. Энэ шийдвэр Ардчилсан намын удирдлага доторх үл ойлголцол, бодлогын тогтворгүй байдал, итгэлцлийг эрхэмлэж чаддаггүй, хувирамтгай чанараас үүдсэн үйлдэл байсан. 

Тухайн үед манай нам улс үндэстний язгуур эрх ашгийг эрхэмлэж, эдийн засаг хүндэрсэн үед нэгдмэл бодлогоор хандаж, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилтыг удирдлага болгож, Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон. 

Засгийн газраас гарсны дараа рейтенгийн судалгаагаар МАН-ын нэр хүнд аажмаар өсч байсан нь МАН-ыг хэрхэн сайн ажилласан болон Ардчилсан нам хэрхэн туйлбаргүй байсныг харуулсан юм" гэдгийг онцоллоо. 

МАН-ын Их хурал үргэлжилж байна.